Солонгос улсад зөвхөн Ганвон муж болон Сөүл хотод аялах нөхцөлтэйгөөр 15 хоног визгүй зорчино
БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг зарим улсын бүлэг жуулчид Солонгосын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих боломжтой боллоо.
Энэхүү шийдвэр нь 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байна.
Монгол Улсын тав буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчин хамаарагдах шаардлага:
- Аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аяллын хөтөлбөр төлөвлөсөн байх,
- Зөвхөн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд нэг авиа компанийн нислэгээр бүгд ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцах,
- Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх,
- Орон нутгийн ажилтан дагалдах бол түүнтэй холбоотой үйлчилгээний хөлс төлөх, хилээр нэвтрэхэд хувийн болон шаардлагатай бусад мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн байх,
- Зөвхөн Ганвон муж болон Сөүл хотод аялах боломжтойг анхаарах зэрэг болно.
Энэхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5%-аас давсан даруйд уг шийдвэр цуцлагдах тул өндөр хариуцлагатай, ухамсартай аялахыг иргэд хүсье
БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ