Донорын тухай хуулийн онцлох таван өөрчлөлт

Донорын тухай хуулийн онцлох таван өөрчлөлт

 

Манай улс 2000 онд анх удаа Донорын тухай хуультай болжээ. Улмаар 2018 онд шинэчлэн найруулж, 2021 онд хоёр ч удаа тус хуульд өөрчлөлт оруулсан байна.  Гэсэн ч хуулийн зарим заалт цаг үеийн шаардлагыг хангахгүй байна хэмээн үзэж УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын гурван гишүүн хуулийн өөрчлөлтийг дахин өргөн барьж, парламент өнгөрсөн долоо хоногт эцэслэн баталлаа. Тэгвэл шинээр хэрэгжих Донорын тухай хуулийн онцлох таван заалтыг хүргэж байна.

 

1. Донорын нас 25 байсныг 21 болгон бууруулж хуулд тусгажээ. Ингэснээр 235 мянган иргэн гэр бүлийнхэндээ донор болох боломжтой болж байна. Парламентын судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгаанд АНУ, Турк, Энэтхэг улсад 18 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эс, эд, эрхтний донор болохыг зөвшөөрдөг бол Сингапур улс 21 нас хүрсэн хүн гэр бүлийн гишүүнд донор болохыг зөвшөөрдөг байна. Манай улсын хувьд донор болох насны доод хязгаар бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байсан юм.

2.Донорын нэгдсэн бүртгэл мэдээллийг ил тод, нээлттэй байхаар тусгажээ. Хуулийн есдүгээр зүйлд нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулах чиг үүрэг бүхий Зохицуулах албыг байгуулах тухай заасан. Тус алба нь эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой ДАТА баазыг ажиллуулах юм.  Манай улсын хэмжээнд одоогоор бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний хүлээх жагсаалтад 350, элэг шилжүүлэн суулгах хүлээх жагсаалтад 250 гаруй иргэн бүртгэлтэй байна.

3.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороо ажиллана. Одоогийн Ёс зүйн хороо нь эмнэлэг бүрт тус тусдаа байгаа юм.

4.Нийгмийн даатгалын сангаас амьгүй донорын оршуулгын тэтгэмжид санхүүгийн дэмжлэг  үзүүлэх эрх зүйн орчин бий болжээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор оршуулгын тэтгэмжийн хэмжээг сая төгрөгөөр тогтоосон байна. Цаашид олон хүний амь насыг аварсан донорын оршуулгын зардлын хэмжээг нэмэгдүүлэхээр хуульд тусгажээ.

5.Амьд донорууд жилд нэг удаа дотоодын рашаан сувилалд үнэ төлбөргүй сувилуулах эрхтэй болно. Санхүүгийн болон үзүүлэх дэмжлэгийн тухайд АНУ-д унаа, байр, хоол, хөдөлмөр эрхлээгүй үед олгох цалин хөлс, асрах зардал, үзлэгийн төлбөр болон татварын хөнгөлөлт, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг бол БНСУ-д эмчилгээний зардал, цалинтай чөлөө, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө өгдөг байна.