БНСУ-н Сөүл хотноо зохион байгуулагдсан "Монгол орны хөгжилд" 13 дахь чуулга уулзалт маш амжилттай болж өнгөрлөө. Чуулганд БНСУ-д сурч, ажиллаж амьдардаг иргэдээс гадна Монгол, Хятад, Орос, Ирланд, Белги, Тайланд гэх мэтчилэн олон орноос ирсэн монгол ТББ-ууд болон иргэдийн төлөөлөл байв. Энэхүү чуулга уулзалтанд хүндэт зочноор БНСУ-т суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б. Ганболд, УИХ гишүүн Д. Гантулга, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн тэргүүн Б. Энхбилэг, МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П. Анхжаргал болон гадны орны төлөөлөгч нар мөн хүрэлцэн ирсэн байлаа. "Монгол орны хөгжилд" 13 дахь чуулга уулзалт Монгол Солонгос хоёр хэлээр хөтлөн явагдаж байсан нь аргагүй л олон улсын томоохон чуулганы нэг мөн юмаа хэмээн харагдаж байсан юм. Энэхүү чуулга уулзалтын бас нэг онцлох зүйл бол Солонгос улсад сургуулиа төгсөн мэргэжлээрээ томоохон компаниудад ажиллаж буй залуучууд "Монгол хүн ба Монголын ирээдүй" сэдэв дор өөрсдийн туршлага болон, монгол орны ирээдүйн талаар тавьсан сонирхолтой илтгэл, хэлэлцүүлгүүд байсан юм. Мөн бусад олон орны илтгэлүүд тавигдсанаас гадна Солонгосын цагаачлалын алба, БНСУ-н элчин сайдны яамнаас тавьсан илтгэлүүд иргэдийн анхаарлыг ихээр татаж байгаа харагдсан. Монгол орныхоо хөгжилд залуус юу хийж болох, гадаадад байгаа бидний оролцоо хэрхэн байх, юун дээр анхаарах гэх мэтчилэн олон асуудлын ярилцахаар нэгэн дээвэр доор 200 гаруй иргэд цугларан чуулж байсан нь олны анхаарлыг татахаас өөр аргагүй байсан юм.