Тодруулбал, Энэ жилийн ЭЕШ-нд 36253 шалгуулагч хамрагдахаар бүртгүүлсэн бөгөөд 29200 орчим нь 12 дугаар анги төгсөж буй сурагчид үлдсэн 7000 гаруй сурагч нь өмнөх оны төгсөгчид байна. Шалгуулагчдын 80 орчим хувь нь математик, физик, англи хэлний хичээлүүдийг сонгосон бол Түүх, Газарзүйн хичээлийг 10 орчим хувь нь сонгожээ. Харин улсын хэмжээнд 49 шалгалтын байран дээр ЭЕШ эхэлсэн. Энэ жилээс оюутан элсэх журамд өөрчлөлт орсны дагуу ЭЕШ-ыг жилд хоёр удаа зохион байгуулж байх шийдвэр гарсан. Тодруулбал, энэ оны 12-р сард ЭЕШ-ыг дахин зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу бүх шалгуулагчаас авдаг Монгол хэл, бичгийн шалгалтыг хоёр удаа авч байгаатай холбогдуулан жилдээ гурван удаа авахаар төлөвлөн зохион байгуулж байна. Энэ жил нийт шалгуулагчдаас Монгол хэл бичгийн шалгалтад 1180 сурагч хангалтгүй дүн авсан бөгөөд тэдгээр сурагчид 2022 онд Их дээд сургуульд элсэн суралцах боломжгүй болжээ. Эдгээр сурагчид нь өөрсдийн сонгосон бусад хичээлээр шалгалт өгөх бөгөөд тус шалгалтын дүн хоёр жил хүчинтэй тиймээс шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтад тэнцсэний дараа Их дээд сургуульд элсэх боломж нээгдэх юм. Мөн олон улсын шалгалтын дүн оноог Монгол улсын ЭЕШ-ын дүн оноотой дүйцүүлэх журам батлагдсан бөгөөд энэхүү журмын хэрэгжилтийг энэ жилээс ханган ажиллах юм байна.
Орон даяар ЭЕШ 10:00 цагт эхэлсэн бөгөөд шалгалтын явц болон холбогдох мэдээллийг Боловсролын үнэлгээний төвөөс өглөө.