"Торой Банди" Х.Ганхуяг МУГЖ цол хүртлээ

"Торой Банди" Х.Ганхуяг МУГЖ цол хүртлээ

 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат, СТА Х.Ганхуяг буюу олноо Гамбий хэмээн алдаршсан эгэл хүмүүнд өнөөдөр /2022.07.25/ Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгийг олгосон байна.

 

Тэрбээр Д.Мягмарын “Найрын щирээний ууц” жүжгийн Дэндэв, Д.Дожоодоржийн “Унаган хайр” жүжгийн Намшир, Намдагийн “Эрдэмтний яриа” жүжгийн Даваахүү зэрэг дүрийн тоглолтоороо улсын бүхий л аймаг сумдад 2400 удаа тоглолтод оролцож, С.Жаргалсайханы “Буцах хаяг” жүжгийн Зоригоо, Шагдарын “Цагаан дарь эх” жүжгийн Алтангэрэл, “Хөхөлдэй хүүгийн үлгэр” хүүхдийн жүжгийн Мангас зэрэг гол дүрээр Москва, Улаан-Үдэ, Варшав зэрэг хотын театруудад тоглож үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан юм.

Мөн тэрбээр тайз, дэлгэцийн томоохон уран бүтээлийн зэрэгцээ телевизийн болон радиогийн уран бүтээлийн 30-аад жүжиг, нэвтрүүлэгт оролцож байжээ. Тодруулбал, “Даль хагдрах цагаар” киноны Түмэнбаяр, “Түгшүүрт шөнө” киноны Цогт, “Учрах тавилан” киноны Шагдар, “Халаасны өрөө” киноны Ганаа, “Амилсан чөтгөр” киноны Болдоо, “Хар морьт” киноны эх оронч залуугийн дүр, “Гэрээс” киноны захирагч Хожа, “Зүрхэнд уяатай хайр” киноны Гомбогарав, “Нүцгэн натур” киноны Хангал, “Амьдрах тасалбар” киноны аав, “Амилсан хайр” киноны цагдаагийн хошууч, “Амьдрал чиний төлөө” киноны Нохой Дондов, “Босго тотго” киноны Ерөнхий сайд түүхэн дүр Гэндэн, “Улаан эрэг” киноны Санж ламтан, Богд хааны үе кино, “Оюутны нууц амраг” киноны Буянт, “Оройн анги” киноны Явуу, “Сөрж болдоггүй тавилан” киноны аав Дэмбээ, 37-р Точка киноны жолоочийн дүр зэрэг түүх, уянгын драм, детектив төрлийн гуч шахам киноны гол болон туслах дүрийг чадварлагаар бүтээсэн юм.

МУГЖ Х.Ганхуяг сүүлийн жилүүдэд “Тооройн-Хонгорууд” компанийн дэргэдэх “Тоорой банди” уран бүтээлийн группийн жүжигчин болон захирлаар ажиллаж уран бүтээлээ тасралтгүй туурвисаар байгаа билээ. Мөн Сүхбаатар аймгийн билэг тэмдэг болсон Шилийн сайн эр Торой Бандийн дүр бүхий хөшөөг түүний төрхөөр буулгасан ба энэ нь нутаг улс орондоо маш их нэр хүнд авчирч, тухайн салбарын хөгжил, судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан ба Шилийн Сайн эр Тооройбандийн талаарх судалгааг тасралтгүй хийсээр байгаа билээ.

Мөн тэрбээр Сүхбаатар аймгийн “Эрдэнэ мандал” хийдийн хамт олонтой хамтран “Дарьганга Судлал” төрийн бус байгууллагыг бий болгон ажилласан юм. Энэ хугацаандаа Ганга нуурыг ширгэх аюулаас аварч, Ганга нуурыг хамгаалах, дахин ширгэх эрсдэлээс сэргийлэх санхүүгийн эх үүсвэрийг хамт олонтойгоо хамт улсын төсөвт суулгаж чадсан. Энэ мэтчилэн урлаг уран сайхан, байгаль эх дэлхийдээ чин сэтгэлээсээ хандаж тасралтгүй буюу 38 жил уран бүтээлээ туурвин олонд хүндлэгдэн байгаа жүжигчин билээ.

Тэрбээр 1962 онд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн. Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийг 1984 онд амжилттай дүүргэсэн. Улмаар “Улсын драмын эрдмийн театр”-т жүжигчнээр 12 жил тасралтгүй ажилласан ажээ.