Дэлхийн шатрын олимпиадад оролцох шатарчид Энэтхэгийг зорилоо

Дэлхийн шатрын олимпиадад оролцох шатарчид Энэтхэгийг зорилоо

 


 

Энэтхэгийн Ченнай хотноо зохион байгуулагдах Дэлхийн шатрын 44-р олимпиадад оролцох Монголын баг тамирчид тус улсыг зорилоо. 

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад энэ сарын 26-наас наймдугаар сарын 10-ны өдрүүдэд болно. Энэ удаагийн дэлхийн шатрын олимпиадад түүхэндээ хамгийн олон буюу Дэлхийн шатрын холбоонд бүртгэлтэй 200 орны гишүүн холбоодоос 197 орны хамгийн шилдэг 343 баг, тамирчид эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдөнө.

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчдын хувьд Хэнтий аймагт зохион байгуулагдсан 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээний эхний байруудад шалгарсан шилдэг 10 шатарчин юм.

ЭРЭГТЭЙ БАГ
 

Багийн ахлагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУ-ын шатрын холбооны дасгалжуулагч, ОУШХМ С.Ган-Од
 

  • 1-р ширээ: Их мастер Д.Батсүрэн
  • 2-р ширээ: ОУШХ-ны мастер Г.Амартүвшин
  • 3-р ширээ: Их мастер Б.Гүндаваа
  • 4-р ширээ: Их мастер С.Билгүүн
  • Нөөц тоглогч: ОУ-ын мастер С.Ган-Эрдэнэ


ЭМЭГТЭЙ БАГ
 

Багийн ахлагч: МШХ-ны гүйцэтгэх захирал, ОУ-ын шатрын холбооны дасгалжуулагч Ц.Батсайхан
 

  • 1-р ширээ: Их мастер А.Энхтуул
  • 2-р ширээ: ОУ-ын мастер Б.Баярмаа
  • 3-р ширээ: ОУ-ын мастер Т.Мөнхзул
  • 4-р ширээ: ОУ-ын шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул
  • Нөөц тоглогч: ОУ-ын шатрын холбооны мастер Д.Мөнхзул нар Монгол Улсын багт багтжээ.

Коронавирусийн цар тахлын үеэр Дэлхийн шатрын олимпиад цахим хэлбэрээр хоёр удаа болсон бөгөөд дөрвөн жилийн дараа уламжлалт буюу танхимын зохион байгуулалтаар болох юм. 

Дэлхийн шатрын олимпиадад өмнө нь манай улсын баг 25 удаа оролцсон бөгөөд энэ жилийн чансаагаар эмэгтэй баг нийт 162 орноос 27-д, эрэгтэй баг 189 орноос 46-р байрт эрэмбэлэгджээ.

Монголын шатарчид 2018 оны Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр ази тивдээ эхний шилдэг таван байрт шалгарсан байна. Мөн 2008 онд манай эмэгтэй баг “С” категорид багийн дүнгээр тэргүүлж алтан медаль, 2014 онд  эмэгтэй баг “В” категорид багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медаль хүртэж байсан юм.