УБТЗ: Битүү вагонуудыг зөвхөн цементийн тээвэрт ашиглаж байна

УБТЗ: Битүү вагонуудыг зөвхөн цементийн тээвэрт ашиглаж байна

 

 Барилгын гол материалын нэг цементийн нийлүүлэлт, тээвэрлэлтийн талаар УБТЗ ХНН-ээс өнөөдөр мэдээллээ. УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл дараахь тодруулгыг өгч байна.

Тэрээр, манай байгууллага бүтээн байгуулалтын улиралд үндэсний үйлдвэрүүдийн цементийн тээвэрлэлтийг саадгүй түргэн шуурхай зохион байгуулахын тулд бүх хүчин чадлаар ажиллаж байна. Битүү бүх вагоныг зөвхөн цементийн тээвэрт ашиглаж байна гэдгийг тодотгов. УБТЗ Хөтөл өртөөн дэх  “Цемент шохой” ТӨХК-иас гадна Олон-Овоо өртөөн дэх “МАК” ХХК,  Өргөн өртөөн дэх  “Монцемент” ХХК-ийн цементийн тээвэрлэлтийг гүйцэтгэдэг байна. Цементийн  тээвэрлэлтийг энэ сарын 25-ны байдлаар танилцуулбал:

  • Олон-Овоо өртөөн дахь “МАК” ХХК  нь УБТЗ-д 250 битүү вагоны захиалга өгснөөс  187 вагоноор хангалт хийж 187 вагон цемент ачсан.  Хоног бүр үйлдвэр хэвийн ажиллаж  ачилтыг хэвийн хийж гүйцэтгэсэн байна.
  • Өргөн өртөөн дахь “Монцемент” ХХК  50 битүү вагоны захиалга өгснөөс 36 вагоны хангалт хийж, 36 вагон цемент ачсан байна. Хоног бүр ачилтыг хэвийн хийж гүйцэтгэжээ.
  • Хөтөл өртөөн дэх “Цемент шохой” ТӨХК нь 242 вагоны захиалга өгснөөс 182 битүү вагоны хангалтыг хийсэн. Үүнээс ачсан 159 вагон, үйлдвэр өөрөө ачиж чадаагүй 23 вагон байна.

7 дугаар сарын 2-6-нд ачилтад захиалгын дагуу вагон өгсөн боловч  үйлдвэрт жагсаал болсон болон бусад шалтгаанаар ачилт хийгээгүй, мөн 11,12,17,18-нд тоног төхөөрөмж эвдэрсэн шалтгаанаар ачилтыг дутуу хийсэн  зэрэг нь битүү вагоны эргэлт, цементийн тээвэрт сөргөөр нөлөөлж байна. Ер нь цементийн үйлдвэрүүд маань техникийн сааталгүй богино хугацаанд ачилтыг хийж гүйцэтгэж байвал вагон эргэлт түргэсч, цементийн тээврийн эргэлт тэр хэмжээгээр сайжрах болно гэв. 

-Хөтөлийн цементийн үйлдвэр ирэх сард засвар хийнэ гэсэн. Энэ үеэр нийлүүлэлт, ачилт, тээврийг хэрхэн яаж зохион байгуулах вэ?

-9 дүгээр сард тус үйлдвэрийн задгай клингерийн цехэд засвар хийгдэнэ. Энэ үед бид өөрсдийн нөөц бололцоог шавхан ажилласнаар хоног бүр 8-10 битүү вагон ачилтад өгч тээвэрлэснээр агуулахын нөөцийг 9 дүгээр сарын 1-ний дотор дуусгах боломжтой хэмээн тооцон үзэж байна.

-Цаашид вагоны хүрэлцээ, хангамжийг хэрхэн зохион байгуулж, шийдэх вэ? Зарим томоохон компаниуд хөдлөх бүрэлдэхүүнтэй. Эдгээрийг ашиглах боломж бий юу?

-УБТЗ ууттай цемент тээвэрлэх зориулалт бүхий 154 ширхэг битүү вагонтой. Хоног бүр “МАК”-д 20 вагон, “Монцемент” ХХК-д 5 вагон, Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК 15 вагон ачихаар захиалга өгч байгааг өөрийн цементийн зориулалттай бүх вагоноор 70-80 хувийн гүйцэтгэлтэй ханган зохион байгуулж байна. Нийт захиалгыг 100 хувийг бүрэн ханган тээвэрлэлтийг тасралтгүй зохион байгуулахад нийт 244 ширхэг  битүү вагон шаардлагатай ба  нэмэлтээр 90  битүү вагон худалдан авах  шаардлагатай.    

Нэг ширхэг битүү вагоны өнөөгийн зах зээлийн дундаж ханш 220 сая төгрөг гэж тооцоход 90 ширхэг битүү вагон худалдан авахад 20 тэрбум төгрөг шаардагдаж байна. Улс орны нийгэм эдийн засаг хямралтай байгаа өнөөгийн үед ийм хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг бий болгоход хүндрэл үүсэж байна.

Манай зарим томоохон уул уурхайн компаниуд өөрийн эзэмшлийн хөдлөх бүрэлдэхүүн вагонтой байдгийн адилаар цементийн үйлдвэрүүд ч тээвэрлэлтэд шаардлагатай дутагдаж байгаа вагонуудыг өөрсдөө худалдаж авах юм уу, түрээслэх нь зөв юм. Бүх эрсдэлээ төмөр замын байгууллагад үүрүүлэх нь буруу юм. УБТЗ ХНН нь улс орны экспорт, импорт, орон нутгийн төрөл бүрийн тээврийг тасралтгүй шуурхай тээвэрлэхийн төлөө өөрийн хүчин чадлаас давсан их ажлыг гүйцэтгэж байна гэв.