Монгол, Оросын хамтарсан цэргийн хээрийн сургуулилт Ховд аймагт болох гэж байгаа бол, мөн ОХУ-ын зохион байгуулж байгаа “Цэргийн ралли” гэх тэмцээнд манай улсын алба хаагчид оролцох гэж байгаа гэх мэдээллийг олон нийт багагүй эсэргүүцэж байна.
Тодруулбал, Ховд аймагт болох цэргийн сургуулилтад оролцох Оросын цэрэг, техник хэрэгсэл манай улсад орж ирсэн гэх албан бус мэдээлэл байгаа юм. Харин “Цэргийн ралли” нь манай улсын Увс аймгийн газар нутагт зохион байгуулагдах талаар Оросын хэвлэлд гараад байна.
Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр дээрх цэргийн хамтарсан сургуулилт, уралдааны "учир шалтгаан, бодлого зэргээ ард түмэндээ хэлэх ёстой” гэж мэдэгджээ.
Тэрээр өөрийн твиттер хуудастаа,“Оросын цэрэг техник Монголын нутагт орж ирлээ. Ховдын хязгаарт дайны сургууль хийх нь гээд зураг тавьсан байна. Үнэн үү, худлаа юу? Үнэн бол үүний учир, бодлого зэргээ ард түмэндээ хэлэх ёстой. Ардын нам, ардын засаг маань ард түмэндээ ойр дотно, ойлгомжтой байснаараа хүндтэй” гэжээ.