5-р сарын 19ны баасан гарагт МСБХ-ны 18 дахь удаагийн лигийн аваргын цуврал СТО-нд эхлэх гэж байна. Лигт анхны жилээ өрсөлдөж буй Этүгэн их сургуулийн Ирвэсүүд баг шигшээд өрсөлдөх эрхээ авсан бол тэднийг Монголын сагсан бөмбөгийн түүхэндэх хамгийн хүчирхэг баг болох SBL Хасын Хүлэгүүд хүлээж байгаа юм.
Шигшээ цувралд хэн түрүүлж 4 хожсон нь аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэх билээ.
Улиралд болсон хоорондын цувралд SBL Хасын Хүлэгүүд баг илт илүүрхсэн боловч энэ удаад огт өөр баг хүлээж байгаа гэдэг нь гарцаагүй. Монголын лигийн түүхэнд хамгийн өндөр цалинтай тоглогч болох AJ West улирлын сүүлийн тоглолтонд багтайгаа нэгдсэн бөгөөд плэйоффт ямар тоглогч болохоо харуулсан. Үүн дээр Дархан Гарьд багийн эсрэг 7 тоглолт хийснээр залуучуудын хувьд томоохон сорилтыг давж, сэтгэл зүй хүчтэй болоод байгаа билээ. Тэгвэл Хүлэгүүдийн хувьд эхний шатанд өрсөлдөгчөө 4-0 ээр шүүрдэж, төдийлөн өрсөлдөөнтэй тоглолт үзэлгүй байсаар финалд хүрчихээд байгаа юм. Туршлагын хувьд Хүлэгүүд илүү ч, энэ плэйоффт туулсан замыг нь бодвол Этүгэн давуу талтай шигшээд хүрч ирээд байна.
SBL Хасын Хүлэгүүд
Шигшээ багийн гол цөм болсон ОУХМ Б.Билгүүн, Т.Санчир нар цуг тоглож байгаа нь тэр чигээрээ давуу тал юм. Үүн дээр холбогч О.Сэргэлэн Б.Батжавхлан нарын хурдтай, зохион байгуулалт сайтай тоглолтыг онцолж болох юм. Хүлэгүүд багийн хувьд довтолгоо болон урд талын шугамдаа легионер тоглогч авчраагүй бөгөөд зөвхөн самбарын хамгаалалт дээр л хоёр тоглогч авчирсан нь Арбри Батлер, Эпрем Дэвис нар билээ. Тэдний хувьд ур чадвар өндөртэй биш боловч, самбараа манах ажилдаа шилдгүүд нь гэж тодорхойлж болно. Сэлгээнээс гарч ирэх О.Очирбат А.Бямбадорж нар ч ялгаагүй өөрсдийн үүргээ хангалттай биелүүлдэг. Бямбадорж тоглолтын темпийг хурдтай, илүү шидэлттэй болгож өгдөг бол Очирбат будагтай талбайн хамгаалалтыг илүү хүчтэй болгож өгдөг юм.
Этүгэн Ирвэсүүд
Ирвэсүүд гэж хэлэнгүүт шууд л Эй Жэй Уэст, Нэйт Барнс гэсэн хоёр холбогч нь нүдэнд харагдана. Уэст будагтай талбайд мангас мэт л байгаа бол Барнс холбон тоглогч болоод оноо түүгч гэсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж яваа. Түүний дундын зайн шидэлтийг зогсоох боломжгүй байгаа шиг, Уэстийн хүчний тоглолт өрсөлдөгч багтаа асуудал учруулдаг гэдгийг бид Дархан Гарьдтай хийсэн цувралаас харсан юм. Тэдэнд дээр довтлогч Н.Батбаяр, н.Билгүүн, О.Дөлгөөн нарын хурдтай идэвхитэй тоглолтыг онцлох ёстой. Харамсалтай нь арлын Японд боловсрол эзэмшиж буй А.Анандын хувьд цувралд оролцохгүй гэсэн таагүй мэдээ байгаа юм. Гарьдын эсрэг 7 дахь тоглолтонд онцгой байсан түүний хувьд сургуульруугаа буцаж буй гэх баттай бус мэдээ байна. Тэгвэл Баярцогт дасгалжуулагчийн хувьд Д.Мөнхтүвшингийн сайн тоглолт багт нь зайлшгүй хэрэгтэй гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз.
Дасгалжуулагчид
Энэ цувралыг “АХ ДҮҮ БАГУУДЫН ТУЛААН” гэж нэрлэх шалтгаан бий. Тэр нь ах дүү мэт олон жил хамтдаа ажилласан дасгалжуулагч О.Баярцогт, Д.Пүрэвдорж нартай холбоотой. Хасын Хүлэгүүд багийн туслах дасгалжуулагчаар 7 жил ажиллахдаа 2 удаа аварга авсан Пүрэвдорж дасгалжуулагчийн хувьд энэ жил анх удаагаа баг ахлан оролцсон боловч лигийг амжилтаараа тэргүүлснээрээ тэр өөрийнхөө чадварыг батлан харуулаад байна. Үүн дээр багийн ахлагч Билгүүний гэмтэл, мөн өөр лигт давхар тоглох зэрэг хэд хэдэн асуудлууд гарч ирсэн ч багаа амжилттай удирдаж, анх удаагаа бүх оддын тоглолтонд сонгогдон оролцсон билээ.
Тэгвэл шигшээ багийн дасгалжуулагч Баярцогтын хувьд ур чадвар тактикийн хувьд хамгийн шилдэг нь гэдэгтээ хэн ч маргахгүй. Монголын сагсан бөмбөгийн түүхэн амжилт болох Азийн наадмын шилдэг наймд үлдсэн нь түүний зохион байгуулалт, ур чадвартай шууд холбоотой. Нэмээд хэлэхэд Пүрэвдоржийн хувьд багш нь гэж хэлж болох хүн билээ.
Хамгаалалт
Энэ шигшээ цуврал цэвэр тактикын тулаан болно. Монголын сагсан бөмбөгт нэг тоглолтын дундуур гурван өөр хамгаалалтын хувилбар ашигладаг хоёрхон баг байдаг нь Ирвэс болон Хүлэгүүд юм. Дасгалжуулагчийн хувьд арга барил ойролцоо, ур чадвар өндөр, хэн хэнийхээ арга барилыг мэднэ. Тийм ч учраас нэгнийхээ хэрэглэж буй тактикт дор нь хариуг нь барьж, шатрын нүүдэл мэт цуврал болох нь даамжиггүй.
Хувийн хамгаалалтаас бүтэн талбайн шахсан хамгаалалт, бүсийн 2-3, 3-2, 1-3-1, 2-1-2 зэрэг олон хувилбарыг хоёр дасгалжуулагч үзэгч бидэнд харуулах бизээ.
Будагтай талбай
Энэ цувралыг шийдэх гол хүчин зүйл нь Эй Жэй Уэст дээр хийх будагтай талбайн хамгаалалт байх юм. Уэст нэг хүний эсрэг асуудалгүй довтлох чадамжтай нь өмнөх цувралаас харагдсан. Тиймээс давхар хамгаалалтыг хэрхэн тавих, урд талын шугамнаас аль хамгаалагч ирэх, түүн дээр нөхсөн хамгаалалтыг хэрхэн зохион байгуулах вэ зэргээс их зүйл шалтгаална. Нөгөөтэйгүүр Батлер, Дэвис, Очирбат нар Дэвисийн эсрэг хүчний тоглолтыг нь алдаагүй хамгаалж чадахгүй л бол Ирвэсүүд давуу талтай.
Плэймэйкер
Будагтай талбайд Ирвэсүүд илүү байж болох ч тэдэнд цор ганц найруулагч байгаа нь Нэйт Барнс юм. Бүх довтолгоог Барнс зохион байгуулдаг учраас бараг л амралтгүй 40 минутыг талбайд өнгөрүүлдэг. Үүний эсрэг Хүлэгүүдэд довтолгоо эхлүүлэх чадамжтай олон тоглогч бий : Билгүүн, Санчир, Сэргэлэн, Батжавхлан. Тэдний аль нэг нь асуудалд орлоо гэхэд нас болон тоглолтын туршлагаар илүү Отгонмөнх багаа асуудалгүй удирдаад явах болно.
X Factor
Этүгэн Ирвэсүүд багийн хувьд довтлогч Билгүүнийг онцлохгүй байхаас өөр аргагүй. Хамгаалалт дээр тус багийн хамгийн сайн тоглогч, эсрэг багийн бүх шилдгүүдийн эсрэг талбайн бүх хэсэгт хамгаалж чаддаг. Тэгвэл Хүлэгүүдийг хожих эсэхийг шийдэхэд өмнөх жилүүдийн адил Отгонмөнхийн үүрэг оролцоо их байх юм. Билгүүн, Санчир нар өөрсдийн хийдгээ хийж үүнд нь Батжавхлан, Сэргэлэн нар тус болох нь гарцаагүй. Харин нэмэлт онооны тусламж ирж, эхнээс нь тоглолтыг хянаж явах эсэх довтлогч Отгонмөнхөөс хамаарах болно.
Анхаарлын төвд
Улирлын турш багаа бүх тал дээр тэргүүлж байсан ОУХМ Д.Мөнхтүвшин плэйоффт тун тааруу тоглож байгаа. Алдааны асуудлаас гадна хүчтэй хамгаалалтын эсрэг хангалттай оноо авч чадахгүй байгаа бөгөөд Гарьдын эсрэг хийсэн цувралд нээлтийн тоглолтыг эс тооцвол дэндүү хангалтгүй байсан гэхэд болно. Хэрэв Мөнхтүвшин шигшээд иймэрхүү байдлаар тогловол Этүгэний хувьд довтолгоон дээр асуудалтай боллоо л гэсэн үг.
Тактикийн тулаанаар дүүрэн таамаглахын аргагүй цуврал 5-р сарын 19-ны баасан гарагаас эхлэн явагдана.
Б.Сумъяа