Б.Жавхлан: Монгол Улс дампуурал зарлах нөхцөл үүсээгүй

Б.Жавхлан: Монгол Улс дампуурал зарлах нөхцөл үүсээгүй

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.03/ боллоо. Хуралдаанаар бондын зарцуулалтын талаар хэлэлцээд, Чингис бондын зарцуулалтыг судлах ажлыг хэсэг байгуулахаар тогтжээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрбээр бондын зарцуулалтыг шалгах ажлын хэсгийг ахлах аж.

Тэрбээр "Монгол Улсад өр зээлтэй холбоотой дампуурал зарлах нөхцөл үүсээгүй. 2012 оноос өнөөг хүртэл долоон бонд гаргасан. 2012 оны арванхоёрдугаар сард Чингис бонд 1,5 тэрбум ам.доллар, 2015 оны зургаадугаар сард Дим сан бонд, 2016 оны дөрөвдүгээр сард Мазаалай бонд гарсан. 2012-2016 онд нийт 2,2 тэрбум ам.долларын бонд гарсан. 

2016-2021 онд дөрвөн бонд гарсан. 2017 онд Хуралдай, Гэрэгэ бонд.  2020 онд Номад бонд. 2021 онд Центер бонд гарсан. Энэ нь нийт 3 тэбум ам.доллар. 

Ингээд 2012-2021 онд нийт 5,2 тэрбум ам.долларын долоон бонд гарсан. Чингис бондоор хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж,Дим сан, Мазаалай бондоор төсвийн алдагдал нөхсөн. 2016-2020 онд гарсан дөрвөн бонд дандаа өмнөх өрөө төлөх зохицуулалттай гарсан. 

Үүнийг улстөржүүлээд байгаа нөхдүүдэд хэлэхэд аль Засгийн газар өр тавьж, аль Засгийн газар төлж байгаа нь тодорхой харагдана. 

2012-2016 онд бонд гаргаж, 2016-2021 онд бондын өрийг төлөхийн тулд бонд авсан байна. Үүрэхийг нь чи үүр, янцаглахыг нь би янцаглана гэдэг шиг одоо дампуурал зарлах гэж байна гээд орилоод яваад байна. Бид харин ч дампуурал зарлах аюулаас хол байна. Нэгдүгээрт манай улсын зээлжих зэрэглэл тогтоодог агентлаг өмнөх жилийн дүгнэлтийг хэвээр үлдээсэн. Энэ нь зээлийн менежментээ хэрхэн чанартай хийж байгааг харуулж байна. Манай бондын үр өгөөж хөрөнгийн зах зээлд ижил үнэлгээтэй улстай харьцуулах юм бол хамгийн сайн үнэлгээтэй байгаа. Энэ бол гадаад зах зээлээс дүгнэлт өгч буй хамгийн том жишээ юм. Монгол Улс дампуурал зарлах гэж байна, дампуурал зарлаж болзошгүй гэдэг нь жоомоо шатаах гээд гэрээ шатааж байгаатай ижил юм. 

Чингис бондоор санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтыг ил тод тавих болно. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн анхны эх үүсвэр нь Чингис бондоор санхүүжүүлсэн хөрөнгө оруулалт байгаа. Өр тавихаас илүү өрийн зарцуулалт хамгийн чухал юм" гэлээ.