Х.Нямбаатар: Гашуунсухайт, Ханги-Мандал, Шивээхүрэнгийн боомтоор нүүрсний экспорт хэвийн явагдаж байна
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Би твиттерээс Баабар нийтлэлчийн бичсэн зүйлийг харсан. "Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр нэрт найруулагчийн найруулсан баримтат киноны үр дүнд БНХАУ Монгол Улсаас худалдаж авдаг нүүрснийхээ квотыг 50%-аар бууруулсан" гэсэн агуулга бичсэн байсан.
Баабар гуайд гээд хаяглаад хэлчихмээр байна. Олон улсын яг ийм хямралт нөхцөл байдлын үед улс орноо бодож, Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд, захиалгаар сэвтүүлдэг үйлдлийг битгий гаргаачээ. Засгийн газраас ямар нэгэн суртал ухуулгын нэвтрүүлэг захиалж хийлгэсэн, зөвшөөрсөн зүйл огт байхгүй.
Хоёрдугаарт тэрбээр экспортын нүүрсний биет хэмжээ 50%-аар буурсан гэдэг агуулгыг дурдсан байсан. Та бүхэн Гаалийн Ерөнхий Газрын вэбсайтаас 2022 оны 6, 7 дугаар сарын нүүрсний экспортын биет хэмжээг хараарай. Өнгөрсөн саруудад нүүрсний экспорт 2019 оны оргил үеийнхээс давсан биет хэмжээнд хүрсэн.
Нүүрсний экспортыг хуучин автомашины тоогоор ярьдаг байсан бол одоо биет хэмжээ буюу нэг хөдлөх бүрэлдэхүүнээр 140 тонн нүүрс Гашуунсухайт, Ханги-Мандал, Шивээхүрэнгийн боомтуудаар гарч байна.
Гашуунсухайтын боомтоор өчигдөр 558 тээврийн хэрэгсэл/нэг машин 140 тонн нүүрс ачсан/ гарсан бол Ханги-Мандалын боомтоор 228, Шивээхүрэнгийн боомтоор 80 орчим тээврийн хэрэгсэл гарсан мэдээллийг өнөөдөр өглөө авсан.
Өчигдөр Замын-Үүд-Эрээн боомтын хөдөлгөөн богино хугацаанд тасалдан ч эргээд хэвийн байдалд орсон.
Олон улсын харилцаа тогтворгүй, сөргөлдөөнт байдал их байгаа энэ цаг үед улс төр, эдийн засгийн хямралыг бид нэг бодлого, зорилготой байж даван туулна.
Улс орноо дампуураасай гэсэн хандлагаар бид цаашаа явж болохгүй байх гэдгийг хэлье" хэмээн хариулав.