ЭРИЙН ГУРВАН НААДАМ ТӨРИЙН ДАРХЛАА БИШ ГЭЖ ҮҮ

ЭРИЙН ГУРВАН НААДАМ ТӨРИЙН ДАРХЛАА БИШ ГЭЖ ҮҮ

Үндэсний дархлаа энхтайвны үйл хэрэг

Монголоос ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өв болон соёлын өв, “Дэлхийн дурсамж” хөтөлбөр, Дэлхийн байгалийн өвд нийт 24 өвийг бүртгээд байгаа. Энэ бол монголчуудын эдгээр өв соёл хүн төрөлхтнийх болж баталгаажсан гэсэн үг. Үндэснийхээ соёлын биет болон биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулна гэдэг тухайн улс үндэстний нэр төрийн хэрэг бөгөөд Дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн хүндтэй үүрэг хариуцлага гэж судлаачид тодорхойлсон байдаг. Тиймээс одоо монголчууд бид өөрсдийн өв соёлоо хадгалан хамгаалах үүргийг дэлхий нийтийн өмнө  хүлээж байна.

ЮНЕСКО-гийн кон­вен­цод улс үндэстэн бүхэн өөрийн соёлын дархлааг төр, засгийн бодлогоороо хамгаалах ёстой гэсэн утга агуулгатай заалт ч бий. Энэ нь тухайн өвийг орон нутаг, улс үндэстэн, олон улсын төвшинд танин мэдүүлж, хадгалж хамгаалах, сэргээн амилуулах, түгээн дэлгэрүүлэх ёстой гэсэн үг. ЮНЕСКО дэлхийн улс үндэстнүүдийн соёлын өвийг яагаад бүртгэдэг вэ гэвэл дээр дурдсанчлан тэдгээрийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх явдал юм. Учир нь, соёлын дархлаатай улс орон гэдэг дэлхий нийтийг энхтайван, амар амгалан, тогтвортой байхад гол нөлөө үзүүлдэг. Тиймээс соёлын дархлааг сайжруулах нь дэлхийн энх тайвны  асуудал гэж үзэх болсон.



Нөгөө  талаар өв соёл гэдэг тухайн үндэстний оршин тогтнохын үндэс. Үүнийг олж харсан эрдэмтэн, зохиолч Л.Түдэв даяаршин дангааршихын утга учрын тухай  20 гаруй жилийн тэртээ сануулан бичиж байсан билээ. Харамсалтай нь, бид их эрдэмтнийхээ үгийг санаж, сэрж байгаа нь хэр билээ. Монгол дархлаагаа хэр хадгалж, хамгаалж, өвлөн тээж яваа билээ. Соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлээд л мартчихаж болохгүй. Сүүлийн үед монгол дархлаа улам бүр л алдагдаж алдарсаар байгаа тул ингэж хэлэхэд хүрлээ. Өөрийн хэл, соёл, өв уламжлалаа үл тоон өрөөлийнхийг даган дуурайх нь үндэсний дархлаа алдагдаж байгаагийн нэг шинж юм.

Өөрийнхийг голж, өрөөлийнхийг шүтэх үү

Зурагтаар уртын дуу явмагц сувгаа сольдог, монгол зан заншил, үндэсний уламжлал гэж ярихаар хуучинсаг хэмээн ярвайдаг залуус олон болжээ. Үндэсний өв соёл, язгуур урлаг, зан заншлаа мэдэхгүй хэрнээ өрнийн урлагт шунан дурлаж, өрөөлийн соёлд даган баяссан тэднийг яалтай билээ. Хүүхэд, залуучууд бол ахмад, дунд үеийнхний шууд тусгал, нэг ёсондоо толь нь. Тэгэхээр монгол гэсэн үнэртэй бүхнийг хоцрогдсон, хуучин гэх сэтгэлгээтэй залуус, хойч үе бол өнөөгийн бидний “буруу” өсгөсөн хүүхдүүд. Буруу өсгөсөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг үг бий. Гэхдээ энд буруу гэдэг үгийг гадаад төлөвшил хүмүүжил буюу сахилгагүй, даруулгагүй гэдгээр биш хүний оюун сэтгэлгээн дэх төлөвшилтэй холбон хэрэглэж байгаа юм шүү. Үнэхээр монгол орчин, ахуй, соёл, ёс заншлаасаа хол хөндий өссөн хүнийг нэг талаар “буруу хүн” гэхэд буруудахгүй болов уу. Угаа мэдэж хүн, усаа мэдэж мал гэж хууччуул хэлэлцдэг бай­сан. Энэ үгийг ухан бодоход л хүн гэгч ямар уг үндэс, язгуур угсаатай вэ гэдгээ мэдэж, таньж, түүнээ дээдэлж явах учиртай гэсэн үг. “Эх түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин лугаа адил, овог удмаа мэдэхгүй бол оюугаар сийлсэн луу лугаа адил” гэдэг эртний судрын мөртүүд дээрхийг улам гүнзгийрүүлэн сэнхрүүлэх бөлгөө. Харамсалтай нь, энэ бүхнийг мянга улиглан хэлээд ч илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэгч боддог хүн олон болжээ .Өтгөс буурлууд хийгээд номын мэргэдийн айлдсан хэлц үгсийн зах зухаас дээр эш татсаныг уншигч та анзаарсан байх. Хэлц үг, зүйр цэцэн үгс л гэхэд монгол ухаан, монгол сэтгэлгээний гайхамшигт охь, дээжис билээ.



Ахмад настнууд багачууд хүүхдүүдийг зэмлэхдээ олон үгээр улиглахын оронд цөөн үгээр ардын аман билгээр л ухааруулна. Шижир тунгаамал мэт тэр хэлц үгсийг сонссон хүүхэд, залуус олон дахин эргэцүүлэн бодож, тал талаас нь тайлан уншиж ухаарал авна. Одоо ийм ахмадууд бараг үгүй болсон. Тэрчлэн үр хүүхдэдээ үлгэр домог ярьж өгдөг аав ээж, эмээ өвөө цөөрсөн. Тиймээс хүүхэд багачууд монгол ардын үлгэр, домог, аман зохиолоо мэдэхгүй өсч, манга, комиксоор хүмүүжиж байна. Ийм орчинд өссөн 15-16 настай монгол хүүхдүүд монгол гэрийн тооно, унь, босго, тотго, баганыг ялгаж нэрлэж мэдэхгүй, тэр ч бүү хэл аргал, хоргол, хомоолыг ялгаж танихгүй “Адилхан малын баасыг яаж ялгадаг юм бэ” гээд сууж байгаа жишээ ч байна. Харин тэд англи, япон, солонгос хэлээр ус цас байж мэднэ. Солонгос киноны баатруудыг нэгд нэгэнгүй нэрлэж магадгүй.

Японы Чиба мужийн цэцэрлэгт хүрээлэнд гэр барих болоод тэнд суралцаж байгаа монгол залуус монгол гэрээ барьж чадахгүй, ханыг нь нохойн амаар нийлүүлчихээд будилж зогсоход япон эмэгтэй ирээд зөв нийлүүлж өгсөн гэдэг. Монголд элэгтэй япон бүсгүй ийнхүү монгол залуусыг ичээсэн ажээ. Монгол гэр гэдэг заваан балиар сууц, нэг гэрт аав, ээж нь үр хүүхдүүдтэйгээ яаж цуг амьдарч болдог байна гэх мэтээр муучлан, мушгин бичдэг нэрт нийтлэлчийн үзэл санааны холын үзүүр ингэж хойчийн залууст хортой тусч байгаа хэрэг.

“Монголчууд соёлын дархлаагаа үлгэр домогтоо хадгалдаг” хэмээн яруу найрагч Г.Мэнд-Ооёо бич­сэн. Энэ нь ардын аман зохиолд үндэсний соёлын нарийн элементээ хадгалж, түүгээр үр хүүхдээ хүмүүжүүлдэг байсныг хэлсэн хэрэг. Ийм уламжлал алдагдсанаар монгол дархлаа уусч хайлсаар л байна.

Тамын тогоон дахь монгол дархлаа

Үндэсний өв соёлын дархлаа суугаагүй хүүхэд залуус дээр өгүүлсэнчлэн уртын болон ардын дуу, уламжлалт баяр наадам зэрэг үндэсний гэсэн аливаа бүхнээ үл тоомсорлож, зарим нь бүр ил цагаан муулж муучлах нь бий. Монголд төр байгаагүй, өнөөгийн төртэй Чингис огт хамаагүй, Чингисийн үед байшин,  хууль ч байгаагүй. Ийм хүйтэнд гэрт амьдрах аргагүй, тиймээс гэр гэж байсан ч юм уу үгүй ч юм уу хэмээн оюутнуудад лекц уншиж зогсоо философич нэртэй нөхөр хүртэл саяхан тодорсон. Ингэж монгол уг язгуур, эх түүх, өв соёл, дархлаа руугаа нулимдаг хүн дахин бүү гараасай билээ.

Азаар монгол дарх­лаагаа хамгаалахын төлөө бие, сэтгэлээ чилээж явдаг эрдэмтэн мэргэд дээрх мэт хэт мэдэмхийрэгчдээс олон байгаа нь сэтгэл уужруулна. Төрийн шагналт түүхч О.Батсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Үндэсний үнэт зүйлсээ үргэлж өнгөлж дээдэлж байх явдал тун чухал шүү. Ядаж нэг өдөр үндэсний баяраа үнэн зөвөөр нь тэмдэглэж, монголчууд өөрсдийн бахархал, түүх соёлоо дээдэлж, заншвал цаашид хэвшихэд хэрэгтэй. Ер нь монголчууд түүх, соёл, зан заншлаа өдөр тутам дээдэлдэг болчихвол хэн хожих вэ. Монгол, бид л хожино биз дээ. Бид түүхээ мэдэхгүй бол энэ үндэстэн мөхөх аюултай. Түүх бол та бидний ой санамж. Ой санамжаа алдвал юу болохыг хэн бүхэн мэднэ шүү дээ. Тиймээс энэ монгол гэдэг үндэстэн өөрийн түүх, соёлоо мэдэж, өөрийгөө таньж, түүхээсээ сургамж авах учиртай. Чингэж гэмээнэ монгол үндэстэн өнө удаан орших учиртай. Үүнд л ой тэмдэглэхийн ач холбогдол оршино” хэмээн хэлсэн байдаг.



Түүхч эрдэмтний дээрх үгээс олон учиг зангилаа хөвөрдөн ярилцаж болно. ЮНЕСКО-гийн биет бус өвийн төлөөллөөр бүртгэгдсэн зүйлээ бид хэрхэн хамгаалж дээдэлж байгаа билээ гээд бодоод үзье. Энэ ангилалд Монгол Улсаас Үндэсний баяр наадам, хөөмэйн урлаг, бүргэдийн баяр буюу шувуучлахуй, монгол ардын уртын дуу, морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, монгол шагайн харваа, монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл гэсэн долоон өв бүртгэгдсэн. Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйлээ хэрхэн мартаж умартсан жишээг дээр өгүүлсэн.

Үндэсний баяр наадам монгол хүн бүрийн бахархал. Гэтэл эрийн гурван наадмаа элдэвлэн муушаах хандлага бас бий болсон. Олон нийтийн сүлжээгээр бөхчүүд, уяачдыг онилж байгаад л муулна. Гэтэл монгол өв соёлын олон зуун жилийн уламжлалыг тээж яваа хүмүүс бол тэд. Ёс жудаг, эрэмбэ дараа, ахас ихсээ хүндлэх ёс монгол бөхөд өвлөгдөн үлдсэн бол хүн, байгалийн харилцаа холбоог дээдлэх, хүлэг морио хайрлан хамгаалах, уяж сойх, муу муухай, хазгай бурууг үл ярьж, хар буруугаас хол явах гэх мэт нарийн дэг жаяг, зан үйл монголчуудын морин соёлд бий. Сур харваа бол асар эртний уламжлалтай. Дэг жаяг, ёс горим алив бүхнээс нь бид мянган жилийн тэртээх өв соёлоо харж мэдрэх боломжтой. Манай нэгэн алдартай жүжигчин “Урлагийнхан дотор өмнөх үеийнхээ ахмад буурлуудыг хүндэтгэх уламжлал алдагдчихаад байна. Залуус өөрсдийгөө хэтэрхий дөвийлгөх болж. Ахмадаа хүндэлж, ёс жудгаа сахьдаг уламжлал монгол бөхөд л өнөөдөр үлджээ” хэмээн хэлсэн удаатай. Бид монгол өв соёлын дархлааг тээж яваад нь бөх, уяач, эрхий мэргэн харваачдаараа бахархаж, хүндэтгэн дээдлэх учиртай.

Японд сургуулиудынх нь үүдэнд самурай баатар эрийн баримал заавал байдаг. Япончуудын хувьд хамгийн хүчирхэг баатар эрсийн үлгэр дуурайл нь самурай юм. Тиймээс самурай нараар дамжуулан тэд үндэсний өв соёл, зан заншлынхаа дархлааг бий болгодог байх нь. Түүн шиг монголчууд бидний хувьд монгол дархлаа, монгол ёс суртахуун, өв соёлын дархлааг бөх, уяач, харваачдаараа дамжуулан ирээдүй өсвөр үеийнхэндээ суулгахад болохгүй юм үгүй. Гагцхүү монголчууд бидний тамын тогооны үлгэр л үүнд саад болдог. Бөх хүн эрдмийн зэрэг хамгаалахад басамжлан доромжилно. Бөх хүн УИХ-ын гишүүн болохоор тэнэг мулгуугаар нь дуудна. Түүн шиг уяач хийгээд уяачдыг дэмждэг, морин соёлдоо элэгтэй, хайртай хүн бүрийг харлуулан гүтгэж, муучилна.

Яван явсаар энэ нь монгол өв соёл, уламжлал, зан заншлаа басамжлан дорд үзэх хандлагын суурь болж байна. Нүүдэлчдийн соёл иргэншил өнөөдөр олон хүчин зүйлийн нөлөөгөөр бүдгэрэн мартагдахад хүрчээ. Монголчууд бид нүүдэлчин ард түмэн атлаа суурин соёл иргэншилд хэт уусан даяаршиж байна. Үүний илрэл нь нүүдэлчдийн соёлын үнэт зүйлсийг тээн хадгалж яваа үндэсний спорт эрийн гурван наадмаа муу муухайн туйл болгон харах болсон явдал. Хамгийн сүүлийн жишээ нь, мянгат малчдын зөвлөгөөн өнгөрсөн амралтын өдрүүдэд болсонд сошиал ертөнцийнхөн нэн уурсан, дээл, малгайнаас эхлээд зүс царайг нь хүртэл сонжин шинжин муулав.Монгол гэсэн юм бүхнийг өнөөгийн нийгэм ийнхүү хялайн харж байна. Дээлтэй монгол гэж омогшин цээжээ дэлдэх атлаа өнөөгийн бидний наадам, Цагаан сараар л гоёл төдий өмсдөг дээлийг жинхэнэ хэрэглээгээ болгож, өвгөдийнхөө өөр олон өв соёлыг амаар биш амьдралаараа үлгэрлэн тээж яваа хүмүүстээ бид хүндэтгэлтэй хандаж сурахсан.

Г.УУГАНБААТАР