Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа.

Эрээн-Замын-Үүдийн боомтоор /2022.08.04/ иргэдийн 60, хилийн цэргийн 20-30 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна.

Эрээн боомтоос Улаанбаатар хүрэх ачаа тээврийн ханш өнгөрсөн хавар 1800-2000 юанийн үнэтэй байсан бол энэ сарын 04-ний өдрийн байдлаар үнэ дунджаар 800 юань байгаа талаар БНХАУ-ын Эрээн боомт дахь Консулын газрын ерөнхий консул Т.Мөнхгэрэл мэдээллээ.

Мөн дундын цэг дээрх талбайн өргөтгөлийн ажил ирэх сарын 1-нд дуусна. Ингэснээр ачаа тээврийг 24 цагаар татан авах боломжтой болж, өдөрт нэвтрэх автомашины тоо 2-3 дахин буюу 400 орчим болж нэмэгдэх юм.

Өнгөрсөн хугацаанд урд хөршийн Тяньжин боомтод гацаад байсан 9000 орчим чингэлгээс 700 чингэлэг ачаа үлдсэн байна. БНХАУ-ын талтай хэлэлцээр хийсний дагуу долдугаар сарын 23-наас өдөрт 10 тээврийн хэрэгслээр нүүрс экспортолж эхэлсэн бол энэ сарын 2-оос 100 тээврийн хэрэгслээр 180 чингэлэг нүүрс гаргаж эхлээд байгаа юм.

Ингэснээр Замын-Үүдийн боомт дээр хуримтлагдаад байсан нүүрснээс 90 орчим мянган тонн нүүрс үлдээд байна. Харин чингэлэгт багтахгүй овор ихтэй ачаа барааг тавдугаар сарын 23-наас өдөрт 2-3 тээврийн хэрэгслээр нэвтрүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажил гэх мэт томоохон бүтээн байгуулалтын ажилд шаардагдах 200 орчим техник хэрэгслийг татан авчээ.

Мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн орлогч дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын талаас Ковид 19 халдварын дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ сарын 21-ийг хүртэл хилээ хаасан талаар мэдээллээ.

Мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН-д тулгамдаад байгаа гол асуудал нь өдөрт 120 орчим чингэлэг орж ирж байгаагаас 50-60 нь л БНХАУ-ын тал руу буцаж байгаа нь тус байгууллагад хоосон чингэлэг хуримтлагдах шалтгаан болж байгааг онцолсон юм.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан хуримтлагдаад байгаа хоосон чингэлгийн асуудлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг Гадаад хэргийн яамаар дамжуулахгүйгээр, бие даан түргэн шуурхай шийдвэрлэхийг даалгаад, төр, хувийн хэвшлийн ачаа тээвэрт ялгавартай хандахгүй байхыг санууллаа.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл