Хавдар судлалын үндэсний төв болон аймгийн ЭМГ, НЭ-ийн хамтын ажиллагааны хүрээнд мэс заслын тасагт элэгний хавдартай баруун дэлбэнг тайрах буюу элэгний 60 хувийг тайрах мэс засал эмчилгээ хоёр өвчтөнд хийгдлээ. Томд тооцогдох уг мэс заслыг Хавдар судлалын үндэсний төвийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын эмч Б.Мөнхдэлгэр, Б.Батсайхан, Хагалгаа мэдээгүйжүүлгийн эмч Л.Чинбат, хагалгааны сувилагч Л.Данзанням, Ангиографийн эмч Н.Юмчинсэрчин нарын болон Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч А.Ганхуяг, мэдээгүйжүүлгийн эмч Н.Ганбаяр, сувилагч Х.Дэлгэрмаа бусад мэргэжилтнүүд хамтран хийсэн юм.
Хавдар судлалын үндэсний төвд хийгддэг мэс заслыг аймагт хийдэг болсноор иргэдийн эрүүл мэндэд нэн тустай болоод санхүү мөнгө, цаг хугацааг хэмнэж зардал чирэгдлийг эрс багасгах юм.
Архангай аймагт анх удаа 2017 онд яаралтай тохиолдолд ХСҮТ-ийн эмч нар элэгний мэс засал хийж байжээ. Тухайн үед тус мэс заслыг гүйцэтгэхэд хагалгааны багаж, тоног төхөөрөмж болон боловсон хүчний асуудал тулгамдаж байсныг ХСҮТ-ийн Ангиографийн тасгийн эрхлэгч Н.Юмчинсэрчин онцолж байна. Тэрбээр 2017 оны мэс заслын явцаас үүдэн өөрийн нутаг Архангай аймагтаа хавдрын хагалгаануудыг хийхээр санаачилга гаргаж, ажил хэрэг болгосны үр дүн ийнхүү гарч байна.
Тодруулбал, элэгний хавдрын мэс засал хийхэд шаардлагатай хагалгааны багаж, тоног төхөөрөмжийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт олгуулах ажлыг ХСҮТ-ийн аймгийн гаралтай эмч нар санаачилж, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ЭМ-ийн сайд С.Энхболд нар дэмжин улсын төсөвт суулгуулснаар ийнхүү орон нутагт элэгний хагалгаа хийх боломж бүрджээ.
ХСҮТ, Аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг 2022 оноос хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Гэрээний хүрээнд Мэс заслын тасгийн эмч А.Ганхуяг, сувилагч Х.Дэлгэрмаа нар элэг, цөсний мэс заслаар ХСҮТ-д зургаан сарын хугацаанд дадлагажиж суралцсан байна. Эдгээр эмч мэргэжилтнүүд цаашид хавдрын мэс заслыг аймагтаа гардан гүйцэтгэж, нутагшуулахаар зорьж байна.
Аймгийн хэмжээнд жилд 150 орчим хорт хавдрын тохиолдол бүртгэгддэг. Үүний 41 орчим хувийг элэгний хорт хавдар эзлэдэг аж. Энэ удаа аймгийн хавдрын эмчийн хяналтад байдаг иргэдэд ХСҮТ-ийн эмч нар хяналтын үзлэг хийж зөвлөгөө өглөө.
Дашрамд өгүүлэхэд элэгний хавдрыг эдгээх төгс эмчилгээний аргуудад мэс засал, эрт үедээ оношлогдсон бол түлэх эмчилгээ, элэг шилжүүлэн суулгах гэсэн эмчилгээнүүд хамрагддаг байна. Тодруулбал Архангай аймагт элэгний хавдрын төгс эмчилгээ хийгдэж эхэлж байна гэсэн үг юм.
Мөн Мэдээгүйжүүлгийн эмч, сувилагчид багаараа ХСҮТ-д дадлагажих юм байна. Цаашид бодлогын хүрээнд хавдрыг эмчлэх чиглэлүүдээр эмч нараа мэргэшүүлэх ажлыг ХСҮТ-тэй хамтран шат дараатайгаар хэрэгжүүлэхийг НЭ-ийн дарга Т.Ганбямба онцолж байв. Энэ хавар мөн Г.Болортэрх эмч эмэгтэйчүүдийн хавдрын чиглэлээр ХСҮТ-д дадлагажин, мэргэшиж иржээ.