Монгол Улсыг төлөөлөн гадаадад суух элчин сайдыг эргүүлэн татах, шинээр томилох шийдвэрт Засгийн газар хүрчээ. Шинээр томилогдох эрхмүүдийн нэрсийг харж байхад хамгийн их анхаарал татаж байгаа хүн бол УИХ-ын гишүүн Н.Оюундарийн дүү болох Н.Чингүүндарь юм. Сэлэнгэ аймагт өрсөлдөж УИХ-ын гишүүний суудалд тухалсан Н.Оюундарь нь нэг хэсэгтээ л сошиалаар баалуулаад авсан билээ. Харин сүүлийн хэдэн сар нам жим байх болсон. УИХ-ын хуралдаан дээр сууж байгаа ч үг хэлэх нь тун цөөхөн. Энэ гишүүн харин намдаа нэлээд нөлөөтэй бололтой юм. Түүний хувьд МУИС-ын 2-р байрны өмнө байрлах “Блю Мон” гэх шилэн барилгыг эзэмшигч бэлтэй нэгэн. Засгийн газрыг тэргүүлж байгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мөн л Сэлэнгэ аймгийнх. Нутаг усаараа ижилсэж, нэлээд дотно шадарлаж байгаа бололтой. Учир нь Элчин сайдаар томилогдох виз өвөртөлчихсөн Н.Чингүүндарь нь Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд болоход л УИХ-ын гишүүн Н.Оюундарийн дүү Н.Чингүүндарь нь Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл байна. . Канадад Элчин сайдаар суух Н.Чингүүндарь нь 2008-2012 онд МАН-ыг Засгийн эрх барьж байх үед Парис хотноо консулаар томилогдон ажиллаж байсан нэгэн гэх мэдээлэл бас бий. Тэгэхээр МАН-ын эрх барьж байгаа энэ үед Канад улсад элчин сайдаар томилогдон албан тушаалаа ахиулахаар ийнхүү боломжоо өвөртөлж эхэлжээ. Ураг төрлийн томилгоо зөвхөн Төрийн албанд шигдээд зогсохгүй Улс орноо төлөөлөх элчин сайдын суудалд хүртэл дархлагдаж эхэллээ. Дашрамд дурдахад УИХ-ын гишүүн Н.Оюундарь нь 3 дүүтэй гэнэ. Н.Чингүүндарь, Н.Билгүүндарь, Н.Урианхай гэсэн дүү нар нь бүгд Герман улсад боловсрол эзэмшсэн гэх мэдээлэл байна.