Антонио Гутерреш: Байгаль орчноо хамгаалан авч үлдээч гэж залуучууд Та бүхнээс би гуйж байна

Антонио Гутерреш: Байгаль орчноо хамгаалан авч үлдээч гэж залуучууд Та бүхнээс би гуйж байна

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Энхийг сахиулагчдад зориулсан дурсгалын хөшөөний хажууд мод тарилаа. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Дэлхий нийтэд тулгамдаж буй асуудал сорилтууд болох уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг даван туулахад улс орон бүр чармайн зүтгэж байна. монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх хамгийн үр дүнтэй аргыг мод тарих хэмээн үзэж, 2030 он гэхэд тэрбумаар тоологдох модыг эх орондоо тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг эх орондоо өрнүүлснээ НҮБ-ын индрээс дэлхийд нийтэд зарласныг Та бүхэн мэдэж байгаа. Энэхүү үндэсний хөдөлгөөнд манай ард түмэн, тэр дундаа залуучууд маш идэвхтэй оролцож байгааг хэлэхэд таатай байна. Мод тарих манай улсын үндэсний хөдөлгөөнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нэгдэж байгаад талархал илэрхийлье. 

Антонио Гутерреш, Мод тарих үйл ажиллагааны нээлтийн үгийг хэлэхийн өмнө энд хуран цугларсан энхийг сахиулагч эмэгтэйчүүд, эрчүүд та бүхэнд хүндэтгэл үзүүлэхийг хүсэж байна. Дэлхийн хамгийн халуун цэгүүдэд хүнд хэцүү байгаа улс орнуудад Монголын энхийг сахиулагчид ажиллаж, энгийн иргэд, эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн хүмүүст бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлдэг та бүхий үйл хэргийг өндрөөр үнэлж байна.

Мөн энд хуран цугларсан хүүхэд залууст баяр хүргэмээр байна. Танай Ерөнхийлөгч Монголын хүүхэд залуус байгаль орчноо хамгаалах үйлсэд идэвхтэй оролцдог гэж надад  хэлсэн. Та бүхний үйлсийг талархан хүлээн авч баяр хүргэмээр байна. 

Бидний үеийнхэн байгаль орчиндээ ээлтэй, ариг гамтай хандаж чадаагүй. Бид байгаль орчныг бохирдуулсан, байгалийн баялгаа гамгүй хэрэглэсэн. Бид хойч үедээ байгаль орчноо онгон дагшнаар нь хүлээлгэн өгч чадсангүй. Бид энэ алдааныхаа үр дагаврыг одоо амсаж байна. Тиймээс байгаль орчноо хамгаалан авч үлдээч гэж залуучууд Та бүхнээс би гуйж байна. Та бүхэн өөрийнхөө дараа үеийнхэнд илүү сайхан, илүү эрүүл, илүү тогтвортой байгаль орчныг хүлээлгэн өгөөч гэж хүсэж байна.

2030 он гэхэд нэг тэрбум мод тарина гэсэн сайхан санаачилга өрнүүлсэн Ерөнхийлөгч танд баяр хүргэе. Таны санаачилгад хувь нэмрээ оруулах боломж олгосонд баярлалаа. Би уг нь энэ арга хэмжээнд зориулж үг бэлдсэн юм. Гэхдээ тэр үгээ уншихаа болилоо. Яагаад гэвэл, би өөрийнхөө амьдралд тохиолдсон түүхээс хуваалцвал илүү сонирхолтой байх гэж бодож байна. Миний ээжийн маань аав буюу миний өвөг эцэг Оливера гэдэг овогтой байсан. Үүнийг португал хэлнээс орчуулбал оливын мод гэсэн үг. Би өвөг эцгийнхээ нэрийг уламжилж авсан, хоёр овогтой хүн. Манай өвөг эцэг намайг жоохон байхад тариалангийн талбайд дагуулж очоод жижигхэн оливын модыг харуулаад "Энэ модыг чамайг төрөхөд суулгасан юм. Чамайг бүх насаараа модыг эрхэмлэж, хүндэлж яваасай гэж хүсэж байна. Нэг мод тарихдаа заавал хажууд нь нэг мод тарих ёстой" гэж надад сургасан. Тэгээд "Чи мод таривал тэр мод чинь чиний амьдралын илэрхийлэл болно" гэж хэлсэн. Оливын мод олон жил насалдаг. Манай Португалд 1000 гаруй жил насалсан оливын мод байдаг. Би 1000 жил насална гэж байгаа юм биш. Гэхдээ миний амьдралыг илэрхийлсэн мод миний эх оронд ургаж байгаа гэдэг нь сайхан санагддаг.

Монгол Улс нэг тэрбум мод тарина гэдэг нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад, цөлжилттэй тэмцэхэд, биологийн олон янз байдлыг хадгалж хамгаалж үлдэхэд чухал хувь нэмэр оруулна гэж итгэж байна. Байгаль орчин хүн төрлөхтөн хоёрын холбоосыг нэг тэрбум мод тарих үйл ажиллагаа дахин сэргээнэ гэж ойлгож байна. Энэ холбоос бат бөх байх ёстой. Гэтэл бид энэ холбоосыг тасалсан байна. Үүнийг нөхөн сэргээхэд нэг тэрбум мод чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна" гэлээ.