Чэжү арал руу визгүй зорчих эрхийг хязгаарлах талаар хэлэлцэж байна

Чэжү арал руу визгүй зорчих эрхийг хязгаарлах талаар хэлэлцэж байна

 

БНСУ-ын аялал жуулчлалын бүс нутаг болох Чэжү арал руу визгүй зорчих эрхийг хязгаарлах тал дээр тус улсын эрх баригчид санал солилцож байна. 

Тус арал руу 2002 оноос хойш гадаадын иргэд 30 хүртэлх хоног визгүй зорчиж эхэлсэн. Цар тахлаас өмнө жилд 1.7 сая хүртэлх жуулчин тус арлыг зорин очдог байсан. Цар тахлын үед жуулчдын хөл тасарч, ашиг орлогогүй болсон иргэд уг хууль батлагдвал тус арлыг зорин ирэх жуулчдын тоо улам бүр багасна хэмээн санаа зовинож буйгаа илэрхийлжээ. 

Гадаадын иргэд визгүй зорчиж байгаа нь хууль бус цагаачдын тоог нэмэгдүүлэх нэг шалтгаан болж байгаа тухай тус улсын хууль зүйн яам онцолжээ. Тиймээс хилийн хяналтаа чангатгах шаардлагатай байгаа тухай мэдэгдсэн бөгөөд цахимаар зөвшөөрөл авсан иргэдийг хилээр нэвтрүүлж эхлэх санал дээрээ бат зогсож байгаа тухай холбогдох байгууллагууд мэдээллээ.

Одоогийн байдлаар уг хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байна. Нутгийн удирдлагууд хууль зүйн яамныхантай уулзан уг шийдвэрээ эргэн харахыг хүсжээ. Харин яамны ажилтнууд уг шийдвэр нь жуулчин татахад саад болохгүй, аялал жуулчлалын чанар сайжирч, хууль бусаар үлдэж мөнгө олох сонирхолтой байгаа иргэдийн цувааг таслан зогсооход тус болно хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн байна. 

 

Эх сурвалж: The korea times