Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зөвлөхүүдээ гудамжинд гаргахгүйн тулд Элчин сайдаар томилж эхлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2 сар хүрэхгүйн дараа суудлаасаа бууна. Түүний хувьд 8 жил Ерөнхийлөгчийн албан сэнтийд заларч байгаад ийнхүү албаа хуулийн дагуу хүлээлгэн өгөх юм. Үүнээс өмнө өөрийнхөө ойр тойрны хэсэг бүлэг этгээдийг ажилтай, албан тушаалтай үлдээхээр ажиллаж эхлэв бололтой. Үүний эхлэл өнгөрсөн оноос хойш тавигдаж эхэлсэн. Тухайлбал Ерөнхийлөгчийн зөвлөх Сосормаа элчин сайдаар томилогдсон билээ. Харин дараагийн томилгоо эхлэв бололтой.
Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөрийг Франц улсад суух элчин сайдаар томилох санал гаргажээ. Уг саналыг нь Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн мэдээлэл байна. Удахгүй Улсын Их Хурлаар оруулж түүнийг Франц улсад суух элчин сайдаар томилох бололтой.
Дараагийн элчин сайдаар суух хүн бол Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн. Түүний хувьд Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаад Ч.Сайханбилэгийн засгийн газарт Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан билээ. Харин засаг солигдоход ажлаа хүлээлгэж өгсөн. 2016 оны УИХ-ын сонгуульд Говь-Алтай аймагт өрсөлдсөн ч өвдөг шороодоод байсан билээ. Түүний хувьд гадаад харилцааны сайдын албан тушаалаасаа буухаасаа өмнө мөн л тойрон хүрээлж байсан хэд хэдэн хүнээ гадаадын дипломат албан явуулж амжсан сүйхээтэй нэгэн. Харин өөрөө ирэх 4 жил гудамжинд лааз хөшиглөхгүйн тулд ийнхүү элчин сайдын зөөлөн суудалд тухалж, гадаадад галуу шувууны мах зооглохоор шийджээ. Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нь Швейцарь улсад суух элчин сайдаар томилогдохоор Засгийн газраас дэмжлэг аваад байна. Удахгүй УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэнэ.