М.Энхболдын фракц 3-4 сайдын суудал авахаар болжээ

М.Энхболдын фракц 3-4 сайдын суудал авахаар болжээ

Эрх баригч намын уравдугаар ээлжнийхэн хоолондоо орох гэж байна. Ингэхдээ үндсэн хуулийн цэцээр шийдвэр гаргуулж, нийгэмд хэрүүл, мэтгэлцээний оч үсэргэсний дараа ийм байдал үүсэв. Цаашид ҮХЦ-ийн гаргасан шийдвэртэй холбоотой хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнөх нь гарцаагүй. 

Харин үүнээс өмнө энэ 7 хоногт давхар дээлтэй сайд нар томилогдож, намрын их ажлын өмнө албандаа зүтгэж эхлэх нь. УИХ-ын хэн гэдэг гишүүн аль салбарыг хариуцах вэ? гэсэн асуулттай зэрэгцүүлэн МАН-ын ямар бүлэг, фракц хэдэн сайдын суудал авах уу? гэсэн асуулт улс төрийн хүрээнийхэн дунд ярианы сэдэв болоод байна. 

Хотын гэх тодотголтой М.Энхболдын толгойлдог фракц 2017 оноос хойш бялууны зүсэм бүрээс хасагдаж, урд эгнээнд сууж чадахгүй болсон. Могой долоо тасравч гүрвэлийн дайтай гэгчээр олон хүмүүс нь 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж чадалгүй үлдсэн ч намд нөлөө нь буурчихаагүй гэдгийг сүүлийн үед хийгдэж буй томилгооноос харагдах болжээ. Энэ удаагийн Засгийн газрын томилгоон дээр ч М.Энхбодын фракц чамгүй өндөр нөлөөтэй оролцохоор болсон байна. 

Тухайлбал хотын фракцын судсны лугшилтийг таслахгүй яваа Ж.Мөнхбат, Б.Чойжилсүрэн нарын гишүүд сайдын суудалд тухлах нь гарцаагүй болсон байна. Тэдэн дээр нэмээд дахин хоёр гишүүн сайд болно гэх хүлээлт тус фракцид байгаа. Гэхдээ шууд 4 сайд авах уу? эсвэл 3 сайд мөн тооны дэд сайд, агентлагийн дарга авах уу гэсэн хүлээлттэй яваа. Угшил хөөх юм бол Ерөнхийлөгчөөс дэмжлэгтэй Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мөн л хотын фракцид хамаарна. Тэгэхээр тэр үлдсэн нөхцөлд хотын фракцийн квот дээр үлдэж мэдэх юм.