Г.Занданшатар намынхаа бодлогын эсрэг зогсч буйгаа үгээрээ илэрхийлэв

Г.Занданшатар намынхаа бодлогын эсрэг зогсч буйгаа үгээрээ илэрхийлэв

Өнөөдөр нээлтээ хийсэн УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт дээр УИХ-ын дарга үг хэлэв. Түүний хэлсэн үгэнд хэд хэдэн санаа дурдагдсан. Нөгөө талдаа байж болохгүй алдааг үгээрээ гаргав. УИХ-ын дарга нь ээлжит бус чуулганыг зарлахдаа ҮХЦ-ийн гаргасан дүгнэлттэй холбоотой хууль засах асуудлыг хөндөхөөр болсон. Ингэхдээ ҮХЦ-ийн буруутгах, эсвэл маргаан үүсгэх асуудлыг нээлтийн үгэндээ дурдах нь зөв байсан уу гэдэг маргааны сэдэв юм. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Үндсэн хууль өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн гэж Цэц дүгнэж, хүчингүй болгох шийдвэр гаргасан нь ноцтой үр дагавар үүсгэж болох томоохон алдаа бөгөөд Цэц Үндсэн хуулиас бусад хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх эрхтэй болохоос Үндсэн хуулийн зүйл, заалтыг хүчингүй болгох эрх байхгүй.

Энэ үгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэх гэж хэлэв үү? Түүний хэлсэн энэ үг нь хууль зүйн хувьд олон маргааны эхлэл болж тавигдана. Үндсэн хуулийн цэцийн дээд суудлын хуралдааны шийдвэр гарсан даруйдаа хүчин төгөлдөр болдог тул  УИХ гаргасан хуулиа засч, залруулах замаар алдаагаа үг дуугүй засах ёстой. Түүнээс өөрсдийнхөө баталсан хуулийг зөв, эсвэл буруу хэмээн тайлбар тавьж, өөрсдийнхөө эрхэд ҮХЦ халдчихлаа гэх тайлбар тавиад суух нь утгагүй юм. Тэгэхээр УИХ-ын дарга нь ээлжит бус чуулганы нээлтэн дээрээ дээрх гомдлыг чухам яагаад тавив. Энэхүү гомдол мэт хэлсэн үг нь цааш хэр том маргааны сэдэв болж, хаа хүрэх бол... 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Харин нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрх гагцхүү Улсын Их Хуралд бий. Тиймээс Цэцийн энэхүү шийдвэр хууль зөрчсөн, ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын бүрэн эрхэд, Үндсэн хуульт байгуулалд халдсан үйлдэл болж, буруу жишиг тогтоолоо гэж зарим судлаачид, түүний дотор Үндсэн хууль тогтоогчдын холбоо үзэж, эсэргүүцлээ илэрхийлж, саналаа албан ёсоор бичгээр ирүүлснийг дурдахгүй өнгөрч болохгүй ээ…

Бусдын үгийг УИХ-ын дарга өөрөө индэр дээрээсээ илэрхийлэх нь зөв үү? Түүний хувьд эсвэл холбоо нэртэй байгууллагаар дөрөөлж өөрийнхөө үгийг илэрхийлэв үү гэх мэтээр асуулт урган гарна. Нэг үгээр хэлбэл 2019 онд өөрөө толгойлж байсан парламент нь баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь зөв байсан. Түүнийгээ хамгаалж дээрх үгийг хэлсэн бол улс төрч талаас нь ойлгож болно. Харин УИХ, ҮХЦ хооронд дуусашгүй маргааныг өрдөж дээрх үгсийг хэлсэн бол тун хариуцлагагүй алдааг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргачихав. 

Цэц хууль тогтоох байгууллага биш. Гэхдээ хууль зүйн алдаа гарсан нөхцөлд засч залруулах үүрэг нь бий. Ингэхдээ хууль нь Үндсэн хуультай зөрчилсөн эсэх дээр хяналт тавина. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулиа зөрчсөн эсэх дээр цэц дүгнэлт гаргах нь зөв, эсвэл буруу гэдэг маргаан хуульчдын дунд ид өрнөж байгаа. Ийм үед хууль тогтоох байгууллагын удирдлага нь талцлыг улам өрдөх нь эргээд томоохон улс төрийн түймэр өрдсөн үйлдэл байж болох юм. 

Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэр нь улс төрийн нөлөө талаасаа бол шууд эрх баригч МАН-ын хүсэл, эсвэл тэдний улс төрийн нүүдэл байж болох юм. Энэ талаас нь харах юм бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарынхаа явуулж буй бодлогын эсрэг Г.Занданшатар зогсч буй юм байна. Эрх баригч намын хувьд Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах, 2019 онд оруулах гээд өөрсдөө зөнгөртсөн асуудлаа засч залруулахын тулд улс төрийн шуурга өрдөж суугаа. Гэтэл парламентийн дарга нь намынхаа бодлогыг эсэргүүцэээд сууж байгаа нь энэ ажил урагшлах уу? эс урагшлах уу гэсэн хавханд орж болзошгүй байна. Хэрэв Г.Занданшатар гэдэг улс төрчийн байр суурь дээрх үгсээр илэрсэн бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тийм ч амар явахгүй нь ээ. 

Хэрэв Г.Занданшатар МАН-ын бодлогын эсрэг байгаа бол дараагийн улс төрийн тоглоом өрнөж болох юм. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан ҮХЦ-ийн шийдвэр буруу гэдгийг зарлачихсан. Ийм нөхцөлд эрх баригч МАН-ын төлөөлөл болох УИХ-ын дарга, дэд дарга хоёр нь намынхаа бодлогыг эсэргүүцээд суугаад байвал парламент дээр өөрчлөлт гацах нь гарцаагүй. Тэгэхээр Г.Занданшатар, Т.Аюурсайхан нарыг огцруулах арга хэмжээг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ авч болзошгүй байна.