Эрүүл мэндийн салбарыг толгойлохоос УИХ-ын гишүүд айжээ

Эрүүл мэндийн салбарыг толгойлохоос УИХ-ын гишүүд айжээ

Л.Оюун-Эрдэнэ засгийн газрынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах нь тодорхой болсон. Өнөөдөр шинээр байгуулсан засгийн газрынхаа бүтцийг УИХ-д оруулж танилцуулна гэсэн хүлээлт үүсээд байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэн гэдэг сайдаа авч үлдэх, хэнийг нь явуулах тал дээр шийдвэрээ эцэслэн гаргаж амжаагүй явна. Нөгөө талдаа УИХ-ын гишүүдийн зүгээс сайд болох амбиц ихтэй, Ерөнхий сайдыг шахалтад оруулж буй. Дан дээлтэй сайд нараа хамгаалж үлдэх гэхээр өөрөө хүндрэх гээд буй тул бүх л бололцоотой арга бүрийг сүвэгчилж сууна. 

УИХ-ын хоёроос гурван гишүүн чихэлдэж буй яамд байна. Гэтэл нэг ч гишүүн зүглэхийг хүсэхгүй яам ч бас байна. Тухайлбал Эрүүл мэндийн яамыг сонгож аваад сайд болчихоё гэж хэлж чадах улс төрч алга гэнэ. Одоо тус салбарыг хариуцаж буй С.Энхболд нь эмч мэргэжилтэй. Түүний хувьд салбараа мэддэг, салбарынхаа жаргал зовлонг сайн ойлгодог. Энэ утгаараа цар тахлын хүнд цаг үед уг салбарыг сайн удирдан чиглүүлж, асуудлыг ул суурьта авч үзэж чадсны хүчинд өнөөдрийн нийгмийн амьдрал бий болсон гэж дүгнэх хэсэг байна. Нэг үгээр хэлбэл С.Энхболд шиг энэ салбарыг удирдаж чадах уу? гэсэн асуулт шинээр нэр дэвших улс төрчдийн өмнө үүсээд байгаа. 

УИХ-ын гишүүдийн зүгээс Эрүүл мэндийн салбарыг амлаж аваад өөрийгөө нэр дэвшүүлж зүрхлэхгүй байгаа гэнэ. Учир нь КОВИД-19 өвчний дараагийн давалгаа удахгүй үүсч болзошгүй. Ийм нөхцөлд шинэ сайд баалуулж таарна. Нөгөө талдаа Монгол улс нийгмийн харилцаагаа хэвийн болгох тал дээр чухалчилж буй. Иймээс цар тахлын нөхцөл байдлыг мэргэжлийн багаараа хийж чадсан одоогийн удирдлагын бүрэлдэхүүн цааш ажлаа үргэлжлүүлэх нь чухал гэсэн байр суурийг зарим УИХ-ын гишүүд илэрхийлэх болжээ. Иймээс Эрүүл мэндийн салбарыг зориглон хариуцах улс төрч алга байна. 

Хэрэв УИХ-ын хэн нэг гишүүн Эрүүл мэндийн сайд болох юм бол өөрийнхөө нүдэнд хуруугаа хийсэнтэй ижил болно гэх болгоомжлол улс төрчдөд бий болжээ. Эрүүл мэндийн салбар эрсдэл ихтэй. Асуудал нь хаанаас ч хэзээ ч дэгдэж мэднэ. Ийм нөхцөлд бүх буруутан нь улс төрч болох учир уг салбарыг сонирхохгүй байгаа гэнэ. Ерөнхий сайдын зүгээс ч уг салбарын сайдыг шууд өөрчлөх сонирхол бага байгаа бололтой.