Кувейт улсын хоёр компани Монголоос хонины мах худалдан авах хүсэлтээ илэрхийлжээ

Кувейт улсын хоёр компани Монголоос хонины мах худалдан авах хүсэлтээ илэрхийлжээ

 

Монгол Улсаас зорилтот зах зээл буюу булангийн орнууд руу хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх зорилгоор Элчин сайд П.Сэргэлэн Кувейт улсын мах, махан бүтээгдэхүүн импортолдог томоохон компаниудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, уулзалт хийж эхлээд байна.

Одоогоор тус улсын хоёр компани Монгол Улсаас хонины мах худалдан авах хүсэлтээ илэрхийлээд байна. 2022 оны есдүгээр сарын 1-ний өдөр Кувейт Улсын “UUMTFS” компанийн үйл ажиллагаатай танилцаж, тус компанийн санхүүгийн менежер Юсуф Аль-Курашитай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Монгол Улсаас Кувейт Улс руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.

“UUMTFS” компанийн хувьд Австрали, Казахстан, Киргизстан, Узбекистан, ИБУИНВУ, Өмнөд Африк, Энэтхэг, Бразил, Уругвай, Парагвай, Судан, Кени зэрэг улс орнуудаас тогтмол мах импортолдог Кувейтийн томоохон компанийн нэг юм.

Уулзалтаар тус компани Монгол Улсаас үхэр болон хонины мах худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд зам тээврийн болон бусад бичиг баримтын асуудал шийдэгдсэний дараа мах импортлох ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.

Уг асуудлын хүрээнд ЭСЯ-ны зүгээс ГХЯ болон ХХААХҮЯ-ны удирдлагуудтай холбогдож, дээрх ажлыг эхлүүлэхээр зорин ажиллаж байна.