Ирэх өвөл коронавирусний “цоо шинэ” хувилбарууд дэгдэж болзошгүйг анхааруулжээ

Ирэх өвөл коронавирусний “цоо шинэ” хувилбарууд дэгдэж болзошгүйг анхааруулжээ

 

Энэ намар болон өвөл коронавирусний халдварын шинэ давлагаа эрчимжиж болзошгүй гэдэг болгоомжлолын улмаас Европын Холбооны зүгээс ковидын эсрэг вакцины давтан тунгуудад иргэдээ аль болох түргэн хамруулж эхлэхийг уриалжээ.

Үүний өмнөхөн, Европын холбооны эм бэлдмэлийн агентлаг омикрон хувилбараас хамгаалах үйлчлэл бүхий Модерна, Biontech Файзер вакцинуудын нэмэлт тунг батламжилсан юм байна.

“Энэ зуны туршид өвчний дэгдэлт саарахгүй байсан нь цар тахал дуусаагүй гэдгийн хангалттай нотолгоо болсон” гэдгийг Европын холбооны эрүүл мэндийн гүйцэтгэх байгууллагаас сануулжээ. Хүйтэн сэрүүний улирал ойртсон, мөн сургуулиудын хичээл орсонтой холбоотойгоор вирусний тархалт нэмэгдэх эрсдэл нэмэгдсэн.

“Өнөөдөр бидний урьдчилан таахын аргагүй шинэ хувилбарууд дэгдэхийг ч үгүйсгэх аргагүй байна. Гэхдээ одоогийн вакцинууд хүмүүсийг хамгаалахад тустай байх болно” гэж Европын Эм Бэлдмэлийн агентлагийн Вакцины салбар хариуцсан тэргүүн Марко Кавалери ярьсан байна.

Тэрбээр өчигдөр хийсэн мэдээлэлдээ, Европын холбооны батламжилсан Модерна болон Байонтек Пфайзер хоёр вакцин хоёул, сүүлийн үед дэлхийд эрчимтэй тархаж байгаа "ковид-19"-ийн үндсэн болон дэд хувилбаруудаас хамгаалах чадвар сайтайг дурдсан.

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар өргөн тархалттай байгаа коронавирусний 80 орчим хувь нь омикроны BA-5 дэд хувилбар байгааг ДЭМБ мэдээлсэн. Улмаар ирэх намар болон өвлийн туршид коронавирусний халдварын тархалт эрчимжихээс сэргийлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ стратеги төлөвлөлтийг Европын комиссоос зарлаад байгаа.

Эдгээрийг Европын Холбооны гишүүн нийт 27 улсын засгийн газруудаар батлан хэрэгжүүлэх учиртай юм байна. Үүнд өндөр эрсдэл бүхий хүн амын бүлгийг коронавирусний эсрэг нэмэлт тунд хамруулах, мөн бүрэн болон нэмэлт тун вакцинд хамрагдаагүй хүмүүсийг нөхөн хамруулах, түүний дотор зохих насны хүүхдүүдийг вакцинжуулахаар тусгажээ.

Европын Холбооны хэмжээнд коронавирусний халдварын улмаас долоо хоногт дунджаар 2300 гаруй нас баралт бүртгэгдэж байгаа юм байна.