Энэ сараас МИАТ, Эйр Чайна, Аэро Монголиа компани БНХАУ руу 7 хоногт 6 удаа нислэг үйлдэнэ

Энэ сараас МИАТ, Эйр Чайна, Аэро Монголиа компани БНХАУ руу 7 хоногт 6 удаа нислэг үйлдэнэ

 

 Дэлхий нийтийг хамарсан коронавирусний цар тахлын улмаас зогсоод байсан Улаанбаатар-Бээжин болон БНХАУ-ын бусад боломжтой хотууд  руу агаарын нислэг сэргэхэд бэлэн болжээ.

Тодруулбал, Монгол Улсаас БНХАУ руу 9 дүгээр сарын 8-ны өдрөөс МИАТ, Эйр Чайна, Аэро Монголиа компаниуд 7 хоногт 6 удаагийн нислэг үйлдэх юм байна. Засгийн газар хоорондын тохиролцоогоор БНХАУ-д суралцдаг оюутнууд танхимаар хичээлдээ суух боломж бүрдсэн тул авиа компаниуд энэ сараас нислэгээ сэргээж байгаа бөгөөд цаашид цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан нислэгийн хуваарийг тогтмолжуулах аж.

Ташрамд дурдахад, Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн нислэгийн үнэ 2 сая төгрөгөөс 10 сая төгрөг болж өслөө гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд гарсны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийж, МИАТ компаниас тодруулга авахад, МИАТ компани сүүлийн 2 жилд Бээжин рүү нислэг үйлдээгүй, нислэгийн үнэд өөрчлөлт ороогүй хэмээн тайлбар өгсөн байна. Цахим орчинд тарж байгаа мэдээллийн дагуу Эйр маркет билетийн сайт руу орж шалгахад 8587200₮-ийн билет нь Улаанбаатар-Токио-Бээжин гэж дамжин нисэх нислэгийн үнэ байсан бөгөөд МИАТ компанийн нислэгээр УБ-Токио ороход 1476900₮, Хайнан Айрленс компанийн нислэгээр Токио-Бээжин нисэхэд 7110300₮-ийн үнэтэй байгаа нь тогтоогджээ.