Дугаарын хязгаарлалт шийдэл биш шүү Д.Сувъяабазар даргаа

Дугаарын хязгаарлалт шийдэл биш шүү Д.Сувъяабазар даргаа

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцдог авто машины улсын дугаарын 4 орны сүүлийн тоог үндэслэн 7 хоногийн нэг өдөр замын хөдөлгөөнд оролцуулдаггүй. Энэ зохицуулалт нь хэрэгжиж эхлээд даруй 10 жил болчихлоо. Гэтэл энэ арга нь авто машины тоог хязгаарлахад шаардлагатай арга хэмжээ биш байсан гэдэг нь өнөөдөр яригдаж буй замын хөдөлгөөний ачаалал, авто замын түгжрэл зэргээр харж болно. 

Анх 2012 онд Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүлийн үед энэхүү зохицуулалт хэрэгжиж эхэлсэн байдаг билээ. Тухайн үед энэхүү арга хэмжээгээ Улаанбаатар хотын удирдлага, авто замын хөдөлгөөний хяналтын газрынхан түр зуур хэрэгжүүлэх журам хэмээн тайлбарлаж байв. Гэтэл өнөөдөр өнөөх нь байнгын журам мэт болчихож. 

2022 онд дугаарын хязгаарлалт нь даамжраад тэгш сондгойгийн хязгаарлалт болж хувирах дээрээ тулчихаад байна. Үүнийгээ өнөөдөртөө авах хамгийн боломжтой шийдвэр хэмээн тайлбарлаж сууна. Гэтэл авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах гэж 420 тэрбум төгрөгийг зарцуулах эрхийг Улаанбаатар хотын удирдлага атгачихаад сууж буй. Ядаж тэд энэ мөнгөөрөө нэг нүхэн гарц, нэг уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх тухай яриа хийсэнгүй. Нийтийн тээврийнхээ хоцрогдлыг арилгах тал дээр асуудал дэвшүүлсэнгүй. Тэртээ тэргүй дарга нарын авто машин дугаарын хязгаарлалтад орохгүй юм чинь тэгш сондгой гэж явуулаад хэсэг чих амар байя гэсэн хялбар аргыг бодож буй бололтой.

Нийслэл хариуцсан Засгийн газрын гишүүнтэй. Улаанбаатар хотын даргатай хэрнээ авто замын түгжрэл шийдэх ганц гарц нь тэгш сондгой юм. Үүнийгээ олон нийтээс асууя хэмээн арга сэдэж суугаа нь урагшгүй ноёны шинж болой. Тэрний оронд зам дээрээ 0 зогсолт хийгээд ч болов өөр шийдэл, өөр гарц гаргалгааг нэхэж шаардах нь Улаанбаатар хотын иргэн та бидний маргаашийнхаа төлөө хийж буй сайн үйл болно буй за. 

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн үндсэн шалтгаан нь олон тооны авто машин гэж хэлэхээсээ илүү 500 хүрэхгүй метр дотор олон хүний явган гарц, мөн гэрлэн дохио бүхий 4 замын уулзвар зэргийг нэрлэж болно. Энэ тухай ч мэргэжлийн хүмүүс хэлдэг юм. Тухайлбал Төв шуудангийн уулзвар, төрийн ордны ар талын уулзвар, СУИС-ийн уулзвар, Дөлгөөн нуурын уулзвар гэхэд 2 км хүрэхгүй газарт 4 гэрлэн дохио бүхий 4 замын уулзвар байрлаж байна. Яг энэ уулзваруудын зүүн талд нь мөн 4 зам бүхий уулзварууд байрлаж байгаа. Ийм байхад эдгээр нь авто замын түгжрэлийн үндсэн шалтгаан болно. Үүнийг шийдэх гарц нь гэрлэн дохиог байхгүй болгох буюу 4 замын уулзварын огтолцлыг шууд урсгалтай болгох арга хэмжээ авах юм. Үүний тулд уулзвар дээр дээгүүр, доогуураа зөрөх боломжтой гарц гаргалгааг хийх нь зөв гэнэ. Гэтэл энэ мэт алс хэтдээ хэрэгтэй шийдлийг эрэлхийлэхгүйгээр өөр хялбар аргыг хайж буй нь буруу юм. 

0 зогсч байгаад ч хамаагүй үр дүнтэй шийдлийг Нийслэлийн удирдлагаас нэхэх цаг болжээ. Сая 8 хоногт тэгш сондгойгоор явахад авто замын хөдөлгөөнд өдөрт 50 гаруй мянган тээврийн хэрэгсэл орж байсан байна. Харин зөвхөн дугаарын хязгаарлалттай өдөр бол авто замын хөдөлгөөнд 72-75 мянган тээврийн хэрэгсэл ордог байна.