Эдийн засаг сэргэснийг илтгэх гурван тоо

Эдийн засаг сэргэснийг илтгэх гурван тоо

Мөнгө бол эдийн засгийн судсаар гүйх цус нь. Тэгвэл Монгол Улсын эдийн засгийн цусны эргэлт сайжирч буйг илтгэх нэгэн сайн мэдээ дуулдлаа. Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаархи ээлжит дүн мэдээгээ уржигдар олон нийтэд танилцуулсны дотор гурван эерэг тоо байсан юм. Эдийн засагт сэргэлт гарсныг тов тодорхой батлах энэ гурван тооны эхнийх нь мөнгөний нийлүүлэлт. Нүцгэн тоо худал хэлдэггүй гэдэгчлэн 2017 оны дөрөвдүгээр сард мөнгөний нийлүүлэлт 12.4 их наяд төгрөг болж өмнөх сараас 220.9 тэрбумаар өссөн дүн гарчээ. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр эргэлдэх мөнгөний хэмжээ төдий хэмжээгээр өссөн нь бараа, ажил үйлчилгээний худалдан авалтад ч тэр хэрээр сайнаар нөлөөлсөн гэсэн үг. Хамгийн гол нь энэхүү нийлүүлэлт нь механик биш учраас эдийн засагт шууд утгаараа сэргэлт гарч байна гэсэн дүгнэлтийг эдийн засагчид хийхэд хүргэсэн биз.

Учир нь, 2012 оны сонгуулиар УИХ-д олон суудалтай болсон АН-ынхан ч бас Монголбанктай хамтран мөнгөний нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлж байсан удаатай. Засгийн газраас “Үнэ тогтворжуулах” гэсэн хөтөлбөр зарлаж зарим бараа, бүтээгдэхүүний үнийг хүчээр барихын тулд татаас өгч эхэлсэн нь эдийн засгийн хүндрэл, хямралын нэг шалтгаан болсон. Тэгэхэд судалгаагүйгээр эдийн засагт мөнгөний асар их нийлүүлэлт хийсэн нь төгрөгийн ханш суларч, нэг ам.доллар 2700 төгрөгт хүрэх эхлэлийг тавьсан билээ. Бодлогын алдаатай шийдвэрээс болж их хэмжээгээр хэвлэж тараасан төгрөг хоосон цаас шахуу болж байсан тэр үетэй харьцуулахад энэ удаагийнх зах зээлийн зарчмаараа явж байгаа гэдгээрээ онцлогтой. Тиймээс “галзуурч” байсан ам.долларын ханш унаж, улмаар тогтворжиж байна. Иймээс л энэ бол эдийн засагт сэргэлт гарч буйг илтгэх нэг тоо яах аргагүй мөн билээ. 

Тэгвэл хоёр дахь сайн мэдээ нь ДНБ-ий өсөлт. Үндэсний баялаг өсч байгааг илтгэдэг энэхүү тоо 2008-2012 оны хооронд хамгийн дээд төвшиндөө буюу 17 хувьд хүрсэн. Ази тивдээ төдийгүй  дэлхийд Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө гайхуулж байсан тэр үетэй харьцуулахад энэ удаагийнх хэдхэн нэгж ч 2016 оны хасах руу орж байсан үеийг бодвол хавьгүй сайн мэдээ юм. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2017 оны эхний улиралд 3063.9 тэрбум төгрөг болж ДНБ өмнөх оны мөн үеэс 122.7 тэрбумаар өссөн байна. Уг өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг, цэвэр татварын хэмжээ өссөн нь нөлөөлсөн гэдгийг ч статистикчид мэдээллээ. 

Эдийн засагт шууд утгаараа онош тавьдаг голлох хоёр тоо ийм дүнтэй байгаа бол дам утгаараа илэрхийлэл болдог бас нэгэн үзүүлэлт бол гэмт хэргийн гаралт юм. Иргэдийн амьжиргаа дордож, амьдрал хүндрэхэд дагаад тухайн улсад гэмт хэргийн гаралт нэмэгддэг гэсэн бичигдээгүй хууль бий. Монгол Улсад ч энэ жишиг үйлчилдэг гэдгийг цагдаагийн байгууллагынхан мэдээлж байсан удаатай. Тэгвэл 2017 он гарсаар эдийн засагт сэргэлт гарч, иргэдэд ч итгэл найдвар төрснийг батлах тоог Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн юм. Өнгөрсөн сарын байдлаар Монгол Улсад 8860 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2016 оны мөн үеэс 1059-өөр буурсан үзүүлэлт ажээ. 

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг ОУВС-гийн Захирлуудын зөвлөл энэ сарын 24-ны хуралдаанаараа дэмжвэл бүр эерэг хүлээлт үүснэ гэдгийг эдийн засагчид онцолж байна. 

Гурван янзын тоо, гурван өөр үзүүлэлт эдийн засагт сэргэлт гарч байгааг зааж байна. Иймээс өсч байна уу, уруудаж байна гэж асуух нь өөрөө өрөөсгөл юм. Харин эдийн засгийн энэ өсөлт үргэлжлэх үү, үгүй юү гэдэг л сонин байна. Азийн хөгжлийн банкны гаргасан тайлангаас харвал Монгол Улсын эдийн засаг 2017 онд өсөлттэй гарах дүр зураг бий. Мөн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг ОУВС-гийн Захирлуудын зөвлөл энэ сарын 24-ны хуралдаанаараа дэмжвэл бүр эерэг хүлээлт үүснэ гэдгийг эдийн засагчид онцолж байна. Өөрөөр хэлбэл, хонгилын үзүүрт ямар боловч гэрэл харагдаж эхэллээ. Учир нь, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засгийн хүндрэлийг давж, хугацаа тулсан өндөр хүүтэй зээлүүдээ төлөх боломж улам нэмэгдэх юм. Мөн ОУВС болон хандивлагч орнууд 4.4 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй буюу хүү бага, хугацаа урттай хөгжлийн зээлүүдийг олгохоор байгаа. УИХ-аас 2017 оны төсөвт тодотгол хийж, зарим төрлийн татварыг нэмсэн шалтгаан нь ч энэ боломжийг ашиглах, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэсэнтэй холбоотой. Иймээс ч хамгийн боломжит хувилбараар татвар нэмсэн гэдгийг Сангийн сайд тайлбарлаж байгаа юм. Юу гэвэл энэхүү татварын нэмэгдлүүд нь Монгол Улсын хүн амд бүхэлд нь бус, тодорхой хэсэгт нь л нөлөөлж буйг Үндэсний статистикийн хорооноос гаргасан дээрх тайлан мэдээ ч давхар илэрхийлж байгаа. Өөрөөр хэлбэл, 2017 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар, Суудлын автомашины онцгой албан татвар, Импортын тамхинд ногдох гаалийн албан татварууд нь хүн амын ердөө тавхан хувьд л нөлөөлнө. Харин 95 хувьд нь нөлөөлөхгүй гэх тооцооллыг УИХ-ын ажлын хэсэг, Засгийн газрын холбогдох яамд хийсэн байдаг. Иймээс ч эдийн засагт эргэлдэх мөнгөний хэмжээ нэмэгдэж, ДНБ өсч, гэмт хэргийн гаралт буурсан биз ээ. Тоо худал хэлдэггүй шүү дээ...

эх сурвалж: eagle.mn