Ерөнхийлөгч НҮБ-ын чуулганд, Ерөнхий сайд Дорнын эдийн засгийн чуулганд оролцоно

Ерөнхийлөгч НҮБ-ын чуулганд, Ерөнхий сайд Дорнын эдийн засгийн чуулганд оролцоно

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 22-26-нд  Нью Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганд оролцохоор болжээ.  Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Владивосток хотноо 6-8-нд зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо.  Төрийн өндөрлөгүүдийн айлчлалын талаар өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна.  Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг албан ёсны тайлбар мэдээлэл өглөө.

НҮБ-ын чуулганд үг хэлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сард АНУ-ыг зорихоор болжээ.  НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлнэ.   Энэ жилийн НҮБ-ын чуулган “Шийдвэрлэх мөч, харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдэл” сэдвийн дор есдүгээр сарын 22-26-нд болно. Энэ чуулганы даргаар Унгар улсын иргэн ажиллахаар сонгогджээ.  Тус чуулганы ерөнхий санал шүүмжлэлд 101 улсын Төрийн тэргүүн, 59 улсын Засгийн газрын тэргүүн, гурван улсын Шадар сайд, 28 улсын сайд нар оролцоно.   Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцохдоо  олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм эдийн засгийн байдал, тулгамдаж буй саад бэрхшээлийг даван туулах, талаар хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулж үг хэлэхээр төлөвлөөд байна.  Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, зарим улсын төрийн тэргүүнтэй төр засгийн уулзалтыг хийж, харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, холбогдох бусад арга хэмжээнд оролцоно гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдлээ.