Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар эрх мэдлээ 2028 он хүртэл хадгалахаар зураг зуржээ
МАН-ын хамгийн их эрх мэдэлтэй улс төрчид нь намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар юм. Тэдний үг, үйлдлээр тус намын салхи зүг чигээ зааж сэвэлзэж байна. МАН хаашаа хэнтэй, хэрхэн явах вэ? хэн дарга болж, хэн ажилгүй гудамжинд үлдэх үү гэдгийг өнөөдөртөө энэ хоёр эрхэм мэдэж байна гэхэд болно.
Хэдийгээр тус намд Сү.Батболдын, М.Энхболдын, Засаг дарга нарын гэх мэт фракц олон боловч өнөөдөртөө НАМЗХ-ны угшилтай Зүүний хүчний холбооны өндөгнүүд болох Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын фракцийг гүйцэж урд нь гишгэх чадал бусдад нь дутаж байна. Энэ хоёр залуугийн араас нь дэмжиж, бас нөлөөгөө хадгалж суугаа хүн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Цаасан дээр намаасаа татгалзсан мэт боловч нөлөө, нөлөөлөл, оролцоо зэргээ хадгалж үлдэх гэж зүтгэж буй хүн нь тэр. Тэр ч утгаараа өнөөдөр МАН-аас гарч буй шийдвэр бүрт өөрийнхөө хүсэл, зорилгыг тусгаж чадаад байна. Итгэл хүлээлгэж залгамж болгосон Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар нь ахаасаа нүүр буруулчихгүй, бас ар хударга зан гаргачихгүй байгаа учраас эвийн цавуу мэт энэ гурав нэгдэж нийлээд фракцаа хүчирхэгжүүлж чадаад байна.
МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хослолын дараагийн нүүдэл нь 2024 оны сонгуульд ялалт байгуулж, эрх мэдлээ хадгалах гэнэ. Ингэхийн тулд тэд хоёр том өөрчлөлтийг энэ намартаа багтааж хийхээр зэхжээ. Эхний нүүдэл нь МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулах алхам. Энэ нь намын гал тогоо, Засгийн газрын гал тогоог нэг хүнд атгуулах явдал. Тэр боломжийг бий болгохын тулд намынхаа дүрэмд өөрчлөлт оруулах ажлыг хөшигний цаана эхлүүлжээ. Бага хурлаараа энэхүү өөрчлөлтийг оруулах бөгөөд байнгын дүрэм байх уу? түр дүрэм байх уу? гэдгээ эцэслэн шийдээгүй байна. Энэ хүслээ биелүүлэхийн тулд бичил тестийг олон нийтийн дунд өрнүүлчихээд ажиглаж сууна. Энэ нь Д.Амарбаясгалангаас өөр генсек хийчих хүн одоохондоо МАН-д алга гэдэг шум тарааж буй явдал. Хэдийгээр намын дүрмийнхээ дагуу Д.Амарбаясгалан ажлаа шууд өгөх ёстой ч өнөөдрийг хүртэл ганц үг амнаасаа үл унагав. Энэ нь эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн стандарт бус шийдвэртэй нь холбоотой. Түүний хувьд өөрөө эрх мэдлээ өгөхгүй гэж байгаагийн илрэл нь дараагийн генсек гэж өөрийн гар дор байсан. Өөртэй нь харьцуулахад улс төрд жулдах нөхдийн нэрийг сэвж үзэв.
Хэрэв дээрх санаархалдаа хүрч чадах юм бол дараагийн хүсэл зорилго нь Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт юм. Энэ нь гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог холимог болгох, Ерөнхийлөгчийг УИХ+ИТХ гэсэн төлөөллөөс шууд сонгодог болгох гэсэн хувилбар яригдаж байна. Дан ганц УИХ-аас Ерөнхийлөгчийг сонгохоор төлөөлөл болж чадахгүй. Иймд УИХ-ын гишүүд дээр нэмээд аймаг, дүүрэг, сумын итх-ын төлөөлөгч нар Ерөнхийлөгчийн төлөө санал өгдөг байх хувилбарыг боловсруулжээ. Эдгээр өөрчлөлтийг оруулахын тулд 62 гишүүнийхээ 57 гишүүнийг энэ хоёр эрхэм халааслах учиртай. Үүний тулд эрх мэдлийн дахин хуваарилалтыг хийж эхлээд байна. Энэ нь агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагын халаа сэлгээ юм. Саяхан Эрдэнэт үйлдвэрээр эхлүүлсэн эл ажил нь ҮХНӨ-ийн батламжлах Ерөнхийлөгчтэй тохирсон үйлдэл болов.
Одоо хэн гэдэг гишүүн хэнтэй нийлж нэг бүхэл болох вэ? тэдэнд ямар бялууны хэр хэмжээтэй хэрчим хүртээх үү гэдгийг тооцоолж сууна. Үүнийхээ үр шимээр 2022 оны 12 сар гэхэд үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж амжих зураглалыг гаргаад буй гэнэ.
Энэ хоёр том өөрчлөлтөө хийж албажуулж чадсан нөхцөлд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар эрх мэдлээ 2028 он хүртэл хадгалж чадна гэсэн хүлээлттэй буй. Тэдний хувьд 2024 онд намаа ялалтад хөтөлж чадвал Ерөнхий сайдаар Д.Амарбаясгалан, УИХ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ очно. Харин УИХ-ын даргаар ажиллаж буй Г.Занданшатарыг Ерөнхийлөгчид дэвшүүлэх яриа хэлэлцээрийг хийж буй гэсэн таамаг улс төрчдийн дунд явж байна.