2022 оны 8 дугаар сарын 8 өдрийн 23:00 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах сум дундын хорих ангиас 2 хоригдол оргосон. Уг хоригдлуудыг эрж хайх ажиллагаа түр зогссон гэх мэдээлэл байна. Нэг үгээр хэлбэл дайчлан баривчлах ажиллагаа хийгдсэн ч олоогүй учир эрлийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан сурагтай. Хэрэв энэ нь үнэн бол алдсан хоригдлоо олж чадахгүй юм байна гэж бууж өгчээ гэж уншиж болохоор байна.
Эхэлж алдсан хоригдлоо олж амжаагүй байхад дахин хоригдол алдав. 2022 оны 8 дугаар сарын 29 өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь хорих ангиас хоригдол оргов. Бас л эрж хайгаад олсон гэх мэдээлэл гараагүй байна.
Ийнхүү хамар дороосоо хоригдлоо алдчихаад байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорих ангиудын үйл ажиллагаа доголджээ гэсэн ойлголтыг олон нийт аваад байна. Гэтэл энэ ойлголтыг авсан иргэд хариуцлага гэдэг зүйл хаана байна вэ гэсэн асуултыг асуугаад байгаа юм. Өнөөдрийг хүртэл хариуцлага гэсэн нэг ч шийдвэр алга байна. Тэр дундаа ШШГЕГ-ын дарга Д.Загджав өргөдлөө өгч ажлаа өгөх ёстой. Үгүй бол түүнийг ажлаас нь салбарын сайд нь чөлөөлөх учиртай. Гэтэл хариуцлага гэдэг зүйлийг хэн хэн нь хүлээсэнгүй ээ.