Хүнсний боловсруулалт, түгээлтийг цогцоор шийдсэн “Supply chain”-ийг нутагшуулна

Хүнсний боловсруулалт, түгээлтийг цогцоор шийдсэн “Supply chain”-ийг нутагшуулна

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн өчигдөр /2022.09.06/ Япон Улсын “Octo Force Management" компанийн Гүйцэтгэх захирал Акира Танака тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монголын талаас МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Б.Баярсайхан, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга дарга Д.Есөн-Эрдэнэ, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Г.Энхмишээл, Монголын тариаланчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ болон Японы талаас бусад албаны хүмүүс оролцлоо.

Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож  байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа ололт, амжилт дүүрэн байгааг Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн уулзалтын эхэнд онцолж, салбарын танилцуулга мэдээллийг өгсөн юм. 

Япон улсын талаас бизнесийнхээ үйл ажиллагааны танилцуулгыг хийв. Тодруулбал, хүнсний үйлдвэрлэл, жижиглэн худалдаа, зар сурталчилгаа, санхүү зэрэг салбарын цогц үйлчилгээний модулыг боловсруулан харилцан ашигтай хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг явуулдаг байна. Мөн олон жижиг үйлдвэрлэгчийг хоршоолол хэлбэрт шилжүүлж, тохиромжтой байрлалд боловсруулах үйлдвэрийг барьж, бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, түүнийг олон нийтэд таниулах үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг хийж гүйцэтгэдэг болохыг хэллээ. 

Түүнчлэн Монгол Улсад ажиллах явцад хүнсний хангамж, боловсруулалт, түгээлтэд тулгарч буй асуудал бэрхшээл нь Япон Улсынхтай тун төстэй байгааг хэлсэн юм. Тус компани Япон улсад хүнсний хангамж, нийлүүлэлт, боловсруулалт, түгээлтийг цогцоор нь шийдсэн “supply chain”-ийг амжилттай үүсгэжээ. Иймээс уг цогц шийдлийг Монгол Улсад нэвтрүүлэн нутагшуулах ажилд идэвх санаачилгатай оролцохоо илэрхийлсэн юм.  

МУ-ын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд айлын талын туршлага, дата мэдээлэл үнэтэй хувь нэмэр оруулах боломжтой тул судалгааны ажлыг боловсруулах-хадгалах-түгээх зэрэг цогц хэлбэрээр хийх саналтай байгаагаа Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн илэрхийллээ.