Ц.Сандуй: 2016 оны төсвийн орлогын төлөвлөгөө 14.6 тэрбум төгрөгөөр тасарсан

Ц.Сандуй: 2016 оны төсвийн орлогын төлөвлөгөө 14.6 тэрбум төгрөгөөр тасарсан

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 10 дугаар ээлжит хуралдаан болж байна. Уг хуралдааныг нээж НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 
Хурлын эрхэм Төлөөлөгчид өө!  
  Нийслэлийн Засаг дарга аа!
  Нийслэлийн иргэд ээ!    
  Та бүхэнд энэ өдрийн мэндчилгээ дэвшүүлье.
 
  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Х хуралдаанаар “Нийслэлийн 2016 оны төсвийн гүйцэтгэл, Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан”, “Нийслэлийн 2017 оны төсвийн тодотгол” болон агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр ирэх саруудад хийх ажлын талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
 
Өнөөдрийн хуралдаан цаг үе, нөхцөл байдлын хувьд ч, хэлэлцэж буй зарим асуудлын тухайд ч нэлээд онцлог юм.
Манай орны улс төрийн амьдралын томоохон үйл явдал болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн компанит ажил хэдийнээ эхэлж, Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэж, олон нийтэд албан ёсоор мэдээллээ. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.
 
Улсын Их Хуралд суудалтай намууд сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалтын чиглэлээр ихээхэн үүрэг хүлээн оролцдог учир сар бүрийн сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагт хуралддаг хуралдаанаа нэг долоо хоногоор урагшлуулж, өнөөдөр хийж байна. Хуралдааны хугацааг урагшлуулах асуудлыг  НИТХ дахь намын бүлгийн дарга нартай зөвшилцөж, Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн болно.
 
Хоёр Засаг даргыг дамжин хэрэгжсэн Нийслэлийн 2016 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэх юм.
 
Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан 2016 оны төсвийн гүйцэтгэл, аудит хийлгэсэн санхүүгийн нэгтгэсэн тайланг НИТХ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 б, Төсвийн тухай хуулийн  61 дүгээр зүйлийн 61.4, 64 дүгээр зүйлийн 64.1.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд хэлэлцэж батлах учиртай.
 
 
2016 оны Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөө 14.6 тэрбум буюу 1.6 хувиар, үүнээс татварын бус орлогын төлөвлөгөө 18.0 тэрбум төгрөгөөр тасарч, хотын шуудын орон нутгийн төсвийн нийт зарлагын төлөвлөгөөний гүйцэтгэл 97.7 хувь байна.
 
Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж ажилласны үр дүнд хотын шуудын 2016 оны зардлын хэмжээг төлөвлөснөөс 12.2 тэрбум төгрөг буюу 2.3 хувиар бууруулж, төсвийн хөрөнгийг хэмнэж ажилласан нь сайшаалтай.
 
 
Гэвч Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээнээс 25.6 тэрбум төгрөгийн ажил дутуу хийгдсэнийг ажлын зохион байгуулалт, сахилга, хариуцлагатай холбож үзэхээс өөр аргагүй.
 
 
Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар урьдчилсан байдлаар тохиролцоод байна. 
 
Хөтөлбөрт хамрагдахад төсвийн бүтцийг сайжруулах чиглэлээр зарим үүрэг хүлээсэн тул Улсын Их Хурал 2017 оны хаврын чуулганы эхэнд Монгол Улсын  2017 оны төсөвт тодотгол хийж баталсан билээ.
 
Үүнтэй уялдуулан Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн 2017 оны батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг өргөн мэдүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
 
Төсвийн тодотголоор төсвийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх, төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатган, үр ашиггүй зарлагыг  бууруулах талаар хотоос хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг шинэ түвшинд үргэлжлүүлэх шаардлагатай байна.
 
Хуралдаанаар хэлэлцэх 3 дахь асуудал нь хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай юм. Төр, засгийн байгууллагууд, Нийслэлийн ИТХ, Засаг даргаас авч хэрэгжүүлсэн олон талт арга хэмжээний үр дүнд, бас дулааны улирал эхэлж, цаг агаар дулаарч, галлагаа багассаны улмаас хотын утаа багасч байгаа хэдий ч агаар, орчны бохирдлын асуудлыг бид анхаарал, хяналтаасаа гаргаж болохгүй.  Хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр эхлүүлсэн ажлаа тууштай үргэлжлүүлж, бодит үр дүнд хүрэхийн тулд ирэх саруудад хийх ажилд хүч, анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэж үзэж байна.
 
Иймээс өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, орчны бохирдлыг бууруулах талаар 5-9 дүгээр сард авах арга хэмжээний төлөвлөгөө”-г хэлэлцэж батлах юм.
 
Төлөөлөгчдийн ирц “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, НИТХ-ын хуралдааны дэгийн 4.7-д заасан хэмжээнд хүрч байгаа тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит X хуралдаан нээснийг мэдэгдье.