Памирын нурууны Ленин оргилд авиралт хийж явсан Х.Бумхишигийг аврах ажиллагаа явагдаж байна
Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж явсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байна. Аврах ажиллагааг цаг алдахгүй зохион байгуулахыг хичээн ажиллаж байна. МУҮХ-ны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубийн уулчин Э. Даваадоржын хамтаар өнөөдөр буюу 2022 оны 9-р сарын 8-ны өдөр Улаанбаатараас мордлоо.
Кыргызстан улс дахь Монгол улсын Элчин сайдын яамтай хамтарч ажиллаж байгаа бөгөөд аврагчдыг Бишкек хотод бууснаас цааших бүх асуудлыг саадгүй бүрэн шийдэх юм. Уулчин Х. Бумхишигийн биеийн байдал сайн, хоол ундны байдал хүрэлцээтэй бөгөөд 4 дэх хоног дээрээ ууланд гацжээ.
Жич: тухайн уулын баазууд ихэнх нь буусан, шууд аврах ажиллагаа явуулах уулчин Ленин оргилд ойрхон байхгүй тул ийм хэмжээний хугацаа алдаад байна. Ленин оргилд цаг агаарын байдал тааламжтай, салхины хурд тогтмол хэвийн, хур тунадасгүй байгаа урьдчилсан мэдээ ирэв.
Аврах ажиллагаанд явах зардлыг МУҮХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, Жаргалант уулчдын клуб, Цэгц клуб болон бусад хандив дэмжлэгээр бүрдүүлэв. Тусалж дэмжсэн бүх хүмүүстээ чин сэтгэлээс талархаж байна. Нэмж цаг хугацаа алдахгүйгээр залуу уулчнаа аварна гэдэгт итгэлтэй байхыг хүсье. Аврах ажиллагаатай холбоотой мэдээллийг бид цаг алдахгүй хүргэж байх болно.