"Цэнхэр үст" Цэрэнг гадны улс руу зорчих гэж байхад нь цагдаагийн байгууллагаас саатуулжээ
"Цэнхэр үст" Цэрэн буюу Э.Цэрэндолгорыг гадны улс руу зорчих гэж байхад нь өнөөдөр /2022.09.11/ цагдаагийн байгууллагаас саатуулжээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Иргэн Э.Цэрэндолгор нь олон нийтийн фейсбүүк цахим сүлжээнд худал мэдээлэл тарааж хүний нэр төр, алдар хүндэд халдсан нөхцөл байдал тогтоогдож Баянзүрх дүүргийн прокурорын газраас энэ оны 03 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж Эрүүгийн .... дугаартай хэрэгт шалгагдаж байсан байна.
Дээрх хэрэгт 2022.03.10-ны өдөр ЭХХШТХ-ийн 14.2 дугаар зүйлд зааснаар "Хувийн баталгаа гаргах" таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
"Хувийн баталгаа гаргах Таслан сэргийлэх арга хэмжээ (ТСАХ) авагдсан яллагдагч ЭХХШТХ-ийн 14.3 дахь хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар ажил эрхлэлтийн байдал, байнга оршин суугаа газрын хаяг, холбоо барих утсны дугаар, шуудангийн хаяг өөрчлөгдсөн, эсвэл өөрчлөх гэж байгаа талаар шүүх прокурор мөрдөгчид даруй мэдэгдэнэ" гэсэн заалтыг зөрөн гадагш явах гэж байсан тул түүнийг түр саатуулан шалгалтын ажиллагаад явуулж байна" гэсэн мэдээллийг өглөө. Таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн тохиолдолд ТСАХ-г өөрчлөх үндэслэл болдог байна.
Харин иргэн Э.Цэрэндолгор "Хэргээс зугтах оролдлого хийсэн гээд одоо намайг 72 цаг хорино. Тэгээд хугацааг сунгаж хорих болно. Тэгээд хэрэг тохно. Ингээд Цэрэнг амьтан болгоно. Цэрэнг тагнаж отолт хийсэн. Тэгээд шорондоо ахин хордуулах уу, нэг дуусгах Монголд бүр нэг мөсөн түгжих ажиллагаа явуулна" гэж өөрийн цахим хуудсаар үзэл бодлоо илэрхийлллээ.