Л.Энх-Амгалан: Есдүгээр сарын 1-нээс багш нарын ажлыг гүйцэтгэлийн шинэ үнэлгээгээр үнэлнэ

Л.Энх-Амгалан: Есдүгээр сарын 1-нээс багш нарын ажлыг гүйцэтгэлийн шинэ үнэлгээгээр үнэлнэ

 

БШУЯ-наас ЕБС-ийн 29, 324 багшийг хамруулан хийсэн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг танилцуулж байна.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: "Өнгөрсөн хугацаанд бид боловсролын хүртээмжийг их ярьдаг байсан бол цаашид боловсролын салбарын шинэчлэлд анхааралд хандуулна. Ковидын нөхцөл байдалтай холбогдуулан сурлагын хоцрогдол үүссэн. Үүнийг арилгахын тулд багшийн хоцрогдлыг давхар арилгах ёстой. Үүн дээр үндэслэн гүйцэтгэлийн үнэлгээ хийнэ. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ шинэчлэгдсэн. Цаашид үндсэн суурь цалин дээр гүйцэтгэлийн урамшуулал нэмэгдэнэ. Тэгэхээр есдүгээр сарын 1-нээс багш нарын ажлыг гүйцэтгэлийн шинэ үнэлгээгээр үнэлнэ. Нэгдүгээрт, сурагчдын сурлагын амжилт. Хоёрдугаарт, сурагчидтайгаа хэрхэн хамтарч ажилладаг вэ. Гуравдугаарт, өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ. Дөрөвдүгээрт, сургуулийн олон нийтийн үйл ажиллагаанд хэрхэн идэвхтэй оролцдог вэ гэсэн дөрвөн шалгуураар үнэллээ.

Монгол Улсад анх удаа 650 гаруй сургуульд багшилж буй 29 мянган багшийг гүйцэтгэлээр нь үнэллээ. Ингэж үнэлэхдээ хотын багш нарыг хотын багштай. Орон нутгийн багш нарыг орон нутгийн багш нартай нь үнэлсэн. Яагаад гэвэл хот хөдөөгийн орчин өөр шүү дээ. Үнэлгээнд сурагчид, эцэг эхчүүд, багш, захирал, менежер зэрэг 1.3 сая хүн оролцсон" гэв.

Багш нарыг дараах зургаан түвшинд ангилсан. Үүнд:

  • Нэгдүгээр ангилал-25 хувийн нэмэгдэл /үндсэн цалин дээр нь/
  • Хоёрдугаар ангилал-20 хувийн нэмэгдэл
  • Гуравдугаар ангилал-15 хувийн нэмэгдэл
  • Дөрөвдүгээр ангилал-10 хувийн нэмэгдэл

Харин тав, зургаадугаар түвшний ангилалд багтсан багш нарын цалингаас нэг ч төгрөг хасахгүй.