“Даам” гарсан төмөр замын дарга нар бизнесийнхнээс вагоныг нь булааж, авлигал авдаг болжээ

“Даам” гарсан төмөр замын дарга нар бизнесийнхнээс вагоныг нь булааж, авлигал авдаг болжээ

 

Вагоны дугаарлалт дайруулдаг, тэндээс ашиг олдог асуудал төмөр замд эрчээ авчээ. Нэг вагон тавиулахад захиалгын “шагийн” үнэ 500 сая төгрөгөөр тоологдох болж. Өмнө нь хэвийн явагдаж байсан вагон захиалга яагаад тэнгэрт хадсан үнэд хүрэв. Үүнд төмөр замынхан тэр дундаа төмөр замын удирдах албан тушаалтнууд холбоотой гэж яригддаг.

Бидэнд ирсэн мэдээллээр бол төмөр замын дарга нар гэрээ байгуулсан компаниасаа вагоныг нь булаан авдаг болжээ. Тухайлбал, өөрсдөө бусдаас авлигал авч, эрх ашгийн зөрчил гаргадаг болоод нэлээд удсан байна. Ингэж бизнес эрхлэгчид, нүүрс тээвэрлэгчдийнхээ халаас руу өнгийж байгаа нь зүй бус үйлдэл юм.

Бизнесийнхэн ч өөрсдөө энэ талаар хөндөж дуугарч чаддаггүй. Ярьчихаар дараа нь эрх ашиг нь зөрчигдчихнө. Тийм учраас айгаад ил гаргахгүй. Тэгсэн хэрнээ үүнийг нийгмээрээ мэддэг болжээ. УИХ-ын гишүүд яриад эхэлсэн. “Үнэндээ төмөр зам хэцүү ш дээ. Нэг вагон ачуулахад тэдэн төгрөг гэдэг” гээд л бизнесийнхэн ярьдаг ч нотлоод өгөөч гэхээр “Үгүй. Миний хоол, миний амьдрал ш дээ” гэдэг.

Төмөр замын ажилчид нь ч энд тэдэн вагон тавиулчихлаа, эд нар хоорондоо тохиролцоонд хүрсэн байх гэх нь бий. Мөн “Тэр рүү тэр утсаар ярьсан байх магадлалтай. Түүнээс хойш ийм асуудал гарлаа. Тэр компани ингээд тавиулчихлаа, тэр компанийн тэдэн вагон оочер дайраад ороод ирлээ. Энэ бол оочерт байгаагүй компани” гэх мэтээр хоорондоо ярьдаг.

Ийм ил тод байгаа авлигал албан тушаал, ашиг сонирхлын зөрчлийг АТГ, Шүүх, цагдаа анхааралдаа авах цаг болжээ.

Эх сурвалж: infocity.mn