"МИАТ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж 100 сая төгрөгөөр зар сурталчилгаа хийлгэжээ

"МИАТ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж 100 сая төгрөгөөр зар сурталчилгаа хийлгэжээ

 

"МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж, төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд их хэмжээгээр зарцуулжээ.

Тухайлбал, МИАТ ХК 2022 оны зургаа болон долоодугаар сард Нэйшнл Ньюс Корпорэйшн ХХК-иар зар сурталчилгаа хийлгэж хоёр удаагийн гүйлгээгээр нийт 100,046,542 төгрөгийг тус компанид шилжүүлжээ. 

Тодруулбал, МИАТ компаниас 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-д 50,270,000 төгрөгийг “зар сурталчилгааны төлбөр АГГ-22/025” гүйлгээний утгатайгаар, 2022 оны 08 дугаар сарын 24-ны өдөр “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-д 49,776,542 төгрөгийг “Зар сурталчилгааны төлбөр АГГ-22/025” гэсэн утгатайгаар тус тус шилжүүлжээ.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.4-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газрын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал киноны уран бүтээл зэргийг санхүүжүүлэхийг хориглоно" хэмээн заасан байдаг. 

Гэтэл төрийн өмчит  "МИАТ" ХК нь дээрх хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банкны охин компани болох "Нэйшнл Ньюс Корпорэйшн" ХХК-д нийт 100 орчим сая төгрөг шилжүүлж зар сурталчилгаа хийлгэжээ.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчвөл ажлаас нь халах үндэслэл болно хэмээн тус хуулийн 21.1-д заасан байдаг юм.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN