Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний чуулган эхэллээ. Уг чуулганд ЭМ-ийн сайд С.Энхболд үг хэлэв.
Тэрбээр, ЭМЯ зүгээс дэлхий нийтийн чиг хандлагын дагуу эмнэлэгт суурилсан тусламж үйлчилгээнээс нийгэм хамт олонд тулгуурласан тусламж үйлчилгээ рүү чиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, эрүүл мэндийн салбарт төдийгүй бусад салбар болох хууль зүй, нийгмийн хамгаалал, боловсролын байгууллагатай хамтын үйл ажиллагаагаа улам хөгжүүлэн, өргөжүүлэн ажиллаж байна.
Манай улс “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль”-ийг 2013 онд шинэчилсэн найруулгаар УИХ баталсан бөгөөд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг 2010-2019 онуудад амжилттай хэрэгжүүлж тодорхой ахиц, үр дүн гарсан ба боловсролын байгууллагатай хамтрах нь хамгийн чухал бөгөөд хүүхэд, өсвөр насныхны сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэнд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчийн оролцоо чухал юм.
Цаашид иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах, дэмжих үйл ажиллагаанд салбар дундын оролцоог болон чанарыг сайжруулах, нотолгоонд тулгуурласан тусламж үйлчилгээг үзүүлэх, өнөө ба өнгөрсөн байдалдаа дүн шинжилгээ хийх, судалгаа шинжилгээний ажлуудыг хийхэд санхүүгийн болоод бусад дэмжлэгийг бий болгох, тусламж үйлчилгээнд орчин үеийн арга техникүүдийг нэмэгдүүлэх, боловсон хүчний чанар ба хүртээмжийг сайжруулах чиглэлд ЭМЯ зүгээс анхааран ажиллах болно.
ДЭМБ Сэтгэцийн эрүүл мэндийн шинэ санаачилгын хүрээнд онцгойлон сонгон 12 оронд хэрэгжүүлэх хөтөлбөр, санаачилгад Монгол улс хамрагдах хүсэлтэй байгаагаа манай улсад айлчилж энэхүү чуулганд оролцож буй ДЭМБ Номхон Далайн Баруун Бүсийн сэтгэцийн эрүүл мэндийн багийн гишүүн Др Мартин Вандендик ба Др Сэки Эйчи нарт ЭМЯ зүгээс илэрхийлсэн болно гэжээ.