УЛААНБААТАРЧУУД 2 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ГЯЛГАР УУТ ХУДАЛДАН АВДАГ

УЛААНБААТАРЧУУД 2 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ГЯЛГАР УУТ ХУДАЛДАН АВДАГ

Өнөөдөр дэлхий нийтийн хог хаягдлын 30 хувийг буюу зай талбайгаар нь үзвэл, 7 сая 500 мянган ам.метр талбайг гялгар уут эзэлдэг байна. Харин байгаль орчинд ихээхэн хор хөнөөлтэй гялгар уут нь Улаанбаатар хотын хог хаягдлын 13 хувийг эзэлж байгаа юм. Эрдэмтдийн судалгаанаас харахад, хүн гялгар уутыг ердөө 12 минут л ашигладаг байна. Гэтэл энэ хэрэглээ нь хүрээлэн буй орчинд хор уршигтайгаас гадна өрх, айлын эдийн засагт хүртэл нэлээдгүй зарлага болдог байх юм.

Үүнээс гадна бид гялгар уутны хэрэглээнээс татгалзаж чадвал, энэ бүтээгдэхүүнийг орлох олон тооны бизнес, үйлдвэрлэл шинээр гарч ирснээр ажлын байр нэмэгдэх боломжтой. Тухайлбал, даавуун уут, даавуун улавчыг хэрэглээнд өргөн нэвтрүүлэх боломж байгаа юм. Өнөөдөр Дэлхий нийтээрээ гялгар уутны хэрэглээнээс татгалзаж эхлээд байна. Хятад, Хонконг, Энэтхэг, Мьянмар зэрэг Азийн нэлээдгүй улс орнууд нимгэн, гялгар уутны хэрэглээнээс татгалзаж, худалдаалахыг хориглосон хууль гаргажээ. Гэтэл манай улсад энэ тухай хууль батлагдаж байсан ч, хэрэгжиж чадалгүй өдийг хүрчээ. Зөвхөн Хятад улсын жишээн дээр ярихад, гялгар уут хэрэглэхийг хориглосон хууль гарахаас өмнө тус улс, өдөрт 3 тэрбум гялгар уут хэрэглэдэг байжээ. Энэ нь жилдээ 3 сая гаруй тонн хог хаягдал гардаг, гялгар уут үйлдвэрлэхийн тулд жил тутамд 37 сая баррель түүхий нефть хэрэглэдэг гэсэн тооцоо гарсан байна. Харин 2008 онд гялгар уутнаас татгалзсанаар, гялгар уутны хэрэглээ 2-оос 3 дахин буурч, супермаркетуудын гялгар уутны хэрэглээ 60-80 хувиар багассан байна. БНХАУ ХУУЛЬ БАТАЛСНААР, ГЯЛГАР УУТНЫ ХЭРЭГЛЭЭГ 2-3 ДАХИН БУУРУУЛЖЭЭ