Хөгжлийн Банк “Гантиг Вилла” төслийн хотхоныг өөрийн эзэмшилд бүртгэлжүүлж, ₮86.6 тэрбумын зээлийг төлүүлжээ
АТГ-аас Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгчдийг шалгуулах ажлын хүрээнд зөвхөн зээл олгогчоос гадна зээл олгох шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтнуудын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоосон. Үүний нэг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй “Гантиг вилла” хотхоны 9 блок барилга юм. Тус хотхоныг Хөгжлийн банк өөрийн эзэмшилд бүртгэн авснаар 86.6 тэрбум төгрөгийн чанаргүй зээл эргэн төлөгдөх боломж бүрдэж байна.
Эргэн сануулахад, “Монгол мах экспо” ХХК-ийн санаачлан хэрэгжүүлэх “Мах боловсруулах цогцолбор төв байгуулах” төсөлд зориулж Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2017, 2018 онуудад 3 удаагийн нийт 31,8 тэрбум төгрөгийн зээл олгосон ч эргэн төлөлт хийгдээгүй чанаргүй зээлийн ангилалд ороод байсан. Мөн Монгол Улсын Хөгжлийн банк УИХ болон ЗГ-аас батлагдсан 6 хөтөлбөрийн хүрээнд 92 төсөлд зориулан Капитал банктай “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-г байгуулж 73.6 тэрбум төгрөгийн зээл олгосноос өнөөдрийн байдлаар 54.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл байна. Дээрх 2 зээлийг Хөгжлийн банкнаас олгох үед нэг эзэнтэй, харилцаа хамаарал бүхий компаниуд байсан нь тогтоогджээ. Тиймээс “Монгол мах экспо” ХХК, түүний 100 хувь хувьцаа эзэмшигч хуулийн этгээд болон Капитал банкны хувьцаа эзэмшигч “Бишрэлт холдинг” ХХК нь эдгээр зээлийн өр төлбөрийг барагдуулагч этгээд болоод байсан юм. Монгол Улсын Хөгжлийн банк болон зээлийн өр төлбөр барагдуулагч талаас харилцан тохиролцож, “Өр төлбөр барагдуулж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай” гэрээг байгуулсанаар дээрх асуудал шийдлээ олж байна. Цаашид “Гантиг Вилла” хотхонд үл хөдлөх хөрөнгө захиалах, худалдан авах нь иргэдэд нээлттэй. Монгол Улсын Хөгжлийн банк “Гантиг вилла” хотхоныг улсын комисст хүлээлгэн өгөх, худалдан борлуулахад дэмжлэг үзүүлэн ажиллах юм байна.