Монголын “Тэрбум мод”, Узбекистаны “Ногоон орон зай” хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлэхээр санал солилцов

Монголын “Тэрбум мод”, Узбекистаны “Ногоон орон зай” хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлэхээр санал солилцов

 

Бүгд Найрамдах Узбекистан Улсад ажиллаж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирoмонович Мирзиёев-тэй 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр албан ёсны уулзалт хийв.

Албан ёсны уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч эртний түүхт Самарканд хотод зочилж, Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев-тэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын ээлжит зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, өндөр амжилт хүсэв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Узбекистан хоёр улс түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг харилцаатай орнууд болохыг онцолж, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа хуваалцаж, цаашид олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев-ийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа.

Цаашид хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын тулд дээд түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, өндөр түвшний яриа хэлэлцээг тогтмол өрнүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж, ойрын ирээдүйд Дипломат төлөөлөгчийн газраа харилцан нээн ажиллуулах нь чухал ач холбогдолтой болохыг онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Төв Азийн бүс нутагт хүн амаараа тэргүүлдэг Узбекистан Улсын зах зээл манай сонирхлыг ихээхэн татаж байгааг онцолж, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх, ялангуяа мал аж ахуй, газар тариалангийн, мөн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлт зэрэг хөнгөн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Узбекистаны тал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилтын хүрээнд Засгийн газар хоорондын комиссыг шинээр байгуулах саналыг дэвшүүлж, узбекистаны талаас Хөдөө аж ахуйн сайдыг томилж байгаагаа мэдэгдэв. Түүнчлэн хоёр орны Гадаад харилцааны яамд хоорондын уулзалтыг тогтмолжуулж, зөвлөлдөх уулзалтуудыг хийж ажиллахаар тохиролцов.

Үүнээс гадна талууд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын нийтлэг сорилт болох тээврийн саад тотгорыг хэрхэн даван туулах талаар харилцан туршлага солилцож ажиллахаар санал нэгдэв. Түүнчлэн Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвд Төв Азийн бүс нутгийн чухал орон болох Узбекистан Улс гишүүнээр элсэх чиглэлээр нааштай судалж үзэхээ Узбекистаны тал мэдэгдэв.

Уулзалтын үеэр талууд цаашид түүх, соёл, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг онцолж, энэ оны 06 дугаар сараас эхлэн хоёр улсын иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчиж байгааг сайшаан тэмдэглэсэн болно.

Түүнчлэн тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмэр оруулах зорилтын хүрээнд Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Узбекистаны “Ногоон орон зай” хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлэхээр санал солилцож, дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод буй хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хоёр талын хүрээнд болон олон улсын тавцанд нягт хамтарч ажиллахаар тогтов.