У.Хүрэлсүх: Орос-Хятадын газрын тос, байгалийн хийн хоолойг Монголоор дамжин өнгөрөхийг дэмжиж байна

У.Хүрэлсүх: Орос-Хятадын газрын тос, байгалийн хийн хоолойг Монголоор дамжин өнгөрөхийг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросоос Хятад руу нефть, байгалийн хий нийлүүлэх дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулан барихыг дэмжиж байгаагаа мэдэгдлээ.

Узбекистаны Самарканд хотноо өчигдөр эхэлсэн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт (ШХАБ)-ын үеэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Ши Жиньпин нартай гурван талт дээд хэмжээний уулзалт хийх үеэр У.Хүрэлсүх орчуулагчаар дамжуулан төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийлээд, техник, эдийн засгийн үндэслэлийг судлахыг санал болгосон байна.

Оросын эрчим хүчний “Газпром” компани “Сибирийн хүч 2” хийн хоолойг Монголоор дайруулан барьж, Хятад руу 2030 он гэхэд жилд 50 тэрбум шоо метр хий экспортлох зорилго тавьсан аж. Одоогоор Монголоор дайруулан газрын тос дамжуулах тухай төлөвлөгөө албан ёсоор гараагүй байна.

Оросын Шадар сайд Александр Новак “Россия-1” телевизэд өгсөн ярилцлагадаа “Сибирийн хүч 2” хийн хоолой “Хойд урсгал 2”-ыг орлох боломжтой гэж мэдэгджээ.

“Газпром” компани “Сибирийн хүч 2” дамжуулах хоолойгоор Хятад руу хий нийлүүлэхээс гадна Оросын хэд хэдэн бүс нутагт хийн нийлүүлэх боломжтой болох юм.

Гурван талт уулзалтын үеэр 2015 онд гурван талт хамтын ажиллагааны замын зургийг баталж, 2016 онд Орос, Монгол, Хятадыг холбосон эдийн засгийн коридор бий болгох хөтөлбөрийг баталсныг Путин онцлон тэмдэглээд “Энэ бүх хэлэлцээр амжилттай хэрэгжиж байгааг өнөөдөр бид сэтгэл хангалуун хэлж чадна. Тодорхой үр дүн гарсан” гэж хэлжээ.

Тэрээр Оросын Хятад болон Монгол улстай хийсэн худалдааны нийт хэмжээ 60 орчим хувиар нэмэгдэж, 2021 онд 142 тэрбум ам.долларыг давж, энэ оны эхний зургаан сард энэ үзүүлэлт дахин 30 хувиар өссөн болохыг Путин мөн онцолсон байна.

Мөн “Tass” агентлагийн мэдээлснээр гурван орны эдийн засгийн нэгдсэн коридор байгуулах төслийг дахин таван жилээр сунгахаар болсон байна.

Путин энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хамтарсан дэд бүтцийг цаашид өргөжүүлэх, үндэсний хөгжлийн хөтөлбөрүүдийг нягт уялдуулахад онцгой анхаарал хандуулах ёстой гэж хэлжээ. Эдгээр алхмууд нь хил дамнасан ачаа тээврийн хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх, харилцан худалдааг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж, бүс нутгийн хөгжилд түлхэц болно гэж тэр хэллээ.

Хамтарсан хамгийн чухал төслүүдийн дотроос Орос, Хятад, Монголыг холбосон чингэлэг тээвэрлэлтийн чухал зам болох Улаанбаатар төмөр замыг шинэчлэх тухай Путин дурдсан байна.

“Энэхүү тээврийн коридорын хүчин чадлыг өргөтгөх, зам, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай гэж бид үзэж байна” гэж хэлжээ. Тодруулбал, Орос-Монголын хилийн Наушки боомтыг сэргээн засварлаж, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн аж.