Зөвшилцөл, Ардчилал бол Монголын түүхэнд гүн шингэсэн ухагдахуун

Зөвшилцөл, Ардчилал бол Монголын түүхэнд гүн шингэсэн ухагдахуун

       Ардчилал

Бид ардчилал гэхээр Америк Англи ёсноос сурах гээд зүтгэх юм. Энэ бол колонийн сэтгэлгээ. Бид хүний үзэл бодлыг дууриаж далдагнадаг өөрийн толгойгүй байсаар олон зуун жилийг үдсэн нь колонийн сэтгэлгээ сууж бусдын юмыг илүүд үздэг зантай болсных. Бид, Монголчууд дэлхий дээрх хамгийн ардчилсан зан заншилтай улс. Ардчиллын түүхийг гадныхан бидэнд биш бид гадныханд заах ёстой түүх уламжлал агуулсан улс. Монгол шиг хүн боолчилж сураагүй улс бий билүү? Монгол шиг зөвшилцөж байж нүүж, суудаг заншилтай улс бий билүү? Монгол шиг эрх мэдэлтэй хааныг зөвшилцөж хуралдаж томилдог байсан түүхтэй улс бий билүү? Монгол шиг эзэлсэн улс гүрнийхээ ёс заншлыг хүндэтгэж, шашин шүтлэгийг нь хориглоогүй улс бий билүү? Ардчилал гэдэг бол Монголын түүхэнд л байдаг. Монголын өөрийнх нь заншил бол ардчилал. Монголын нүүдлийн аж ахуйн заншлын ардчилал бол Африк, Америкт тохирохгүйтэй адил Америк африкийн ардчилал Монголд тохирохгүй юм. Гэхдээ ямар ч улс орон өөрийн гэсэн тохирсон заншлын ардчилал байдаг бөгөөд тэр нь эрхэлсэн аж ахуй, газар нутгийн онцлогоосоо хамаарч улс бүрд өөр өөрийн онцлогт тохируулан хөгжсөн байна. Тэр бүх ардчиллаас Монгол ардчилал бол үлгэр жишээ болох ардчилсан шинж илүү. 13-р зуунд монгол үзэл суртал ноёрхож дэлхийн улс гүрнүүд Монголд бөхийж байсан нь өөрсдийн аж ахуйгаа эрхэлж, шашин шүтлэгээ шүтэн бусад улстай чөлөөтэй харьцдаг эрх чөлөөг эдлэн Монгол ардчилалд бөхийн байсан хэрэг. Гэтэл үүнээс хойш Монголчууд Манжийн, соц, Оросын, ардчиллын гэх харийн үзэлд аялдан дагалдах сэтгэлгээтэй болжээ. Үзэл суртал, онол төлөвлөгөөнд өөрийн үндэсний зан суртахуун сууж байж дэвшил ирдэг. Өөрийн үндэсний Монгол зан заншлыг мөрдөж, ёс суртахуунаа эзэмшсэн хүн бол хамгийн зөв төлөвшсөн хүн байна. Ийм улс л Монгол орон, Монгол улсыг авч явж хөгжүүлэхээс биш дотоод гадаадын 10 дээд сургууль төгссөн төлөвшөөгүй (хүмүүжилгүй) хүн монголд садаа л болдгийг 27 жилийн түүх нотолно. Монгол заншлын ардчилал бол судлаагүй, судлах ёстой, ойлгоогүй ч ойлгох ёстой гүн ухаан юм. Гүн ухаан, философийн онол гэхээр шинжлэх ухааны эсвэл тайлбар томьёолох тааруулж хийх гэж мэрийх хэрэггүй. Тэр гүн ухаан, шинжлэх ухаан чинь ард түмний амьдрах арга ухаан дээр л суурилдаг юм. Ард түмэн бүхэн өөрийн амьдрах арга ухааныг бий болгож, түүн дээр суурилсан сэтгэлгээний онолууд нь оршин тогтнох хэмжээгээр нь бүрэлдэн хөгжиж байдаг. Монгол аж ахуй түүн дээр суурилсан зан заншил бол Монголын ард түмний уламжлагдаж ирсэн оршин тогтнох үндэс буюу гүн ухаан нь юм.

иргэн Н.Тайван