Казахстаны нийслэл хотыг дахин АСТАНА гэж нэрлэлээ

Казахстаны нийслэл хотыг дахин АСТАНА гэж нэрлэлээ

 

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, нийслэл хот Нур-Султанаа Астана болгон өмнөх нэрээр нь нэрлэжээ.

Ийнхүү Казахстаны нийслэл хот зургаа дахь удаагаа нэрээ сольж байна.

Токаевын оруулсан өөрчлөлтийн дагуу мөн Казахстаны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таваас долоон жил болж уртасч байгаа аж. Гэхдээ Ерөнхийлөгч дахин сонгогдох эрхгүй байхаар заажээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг Казахстаны парламент баасан гарагт баталсан байна. Парламентын хэсэг гишүүд нийслэл хотынхоо Астана нэрийг сэргээх уриалга гаргасны дараа Ерөнхийлөгч Токаев хуулийн төслийг өргөн барьсан байна.

Касым-Жомарт Токаев 2019 онд Казахстаны Ерөнхийлөгч болохдоо нийслэл хотынхоо нэрийг тус улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын нэрээр нэрлэсэн байсан билээ.