Өвлийн бэлтгэлд 107 мянган тонн шахмал түлш нөөцлөөд байна

Өвлийн бэлтгэлд 107 мянган тонн шахмал түлш нөөцлөөд байна

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар “Сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгэх” ажлын хэсэг байгуулагдсан.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Алтанзул болон холбогдох албаны хүмүүс зүүн үйлдвэрт болон шахмал түлшний борлуулалтын цэгт биечлэн очиж ажиллалаа.
 
“Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрийн хувьд, нэмэлт хатаагчууд ирсэн бөгөөд 2022.09.20-ны өдрийн дотор нэмэлт хоёр хатаагчийн угсралтын ажил хийгдэж дуусах юм. Ингэснээр цагт 30 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх боломж бүрдэнэ.
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК өнөөдрийн байдлаар 107 мянган тонн сайжруулсан шахмал түлш бэлтгэн нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд нөөцлөөд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 гаруй мянган тонноор илүү байгаа юм. Харин түлшний түүхий эд болох мидлингийн нөөц 218 мянган тонн байна.
Сайжруулсан шахмал түлшний борлуулалт болон борлуулалтын цэгийн хувьд, 2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн хэмжээнд борлуулалтын 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Үүнээс эхний ээлжинд өнгөрсөн онд үйл ажиллагаагаа 100 хувь дүгнүүлсэн 450 цэгтэй хамтран ажиллах гэрээг сунгасан аж. Эдгээр цэгүүд энэ сарын 15-ны өдрөөс борлуулалт эхлүүлээд байна. Харин үлдсэн 200 цэгийг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар сонгон шалгаруулж, аравдугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн ажиллуулахаар төлөвлөжээ.
 
Энэ жилийн тухайд Налайх дүүрэг агаарын чанарын бүсэд хамрагдаж сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр болсон. Тус дүүргийн 7800 өрхөд борлуулалтын 28 цэгээр дамжуулан түлш худалдаалах ажлыг зохион байгуулах юм байна.
Наймдугаар сарын 01-нээс үйл ажиллагаа эхлүүлсэн “Тавантолгой түлш”ХХК-ийн хувьд ирэх 11 дүгээр сарын 01-нээс бүрэн хүчин чадлаараа ажиллахаас гадна нэг цагт 480 шуудай шахмал түлш савлах хүчин чадал бүхий савлагааны бүрэн автомат машин ашиглалтад оруулахаар угсралт, туршилтын ажлаа эрчимжүүлээд байна.