Эх газрын Хятадад сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгдсэний дараа Хятадын эрүүл мэндийн дээд албан тушаалтан гадаад хүмүүст гар хүрэхгүй байхыг ард иргэдэдээ анхаарууллаа.
Өнгөрсөн бямба гарагт Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн ахлах тархвар судлаач Ву Зунёу Хятадын “Weibo” платформ дээр тус улсын Ковид-19-ийн хязгаарлалт, хилийн хатуу хяналт нь өдийг хүртэл тус улсад сармагчны цэцэг өвчин тархахаас урьдчилан сэргийлэхэд чухал нөлөө үзүүлсэн гэж бичжээ.
Тус улсад батлагдсан анхны сармагчны цэцэг өвчний тохиолдол баруун өмнөд хэсгийн Чунцинд бүртгэгдсэн байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр гадаадаас ирсэн иргэн тусгаарлагдаж байх хугацаандаа халдвартай гэдэг нь тогтоогджээ. Өвчтөнийг аль улсын иргэн болохыг мэдээлээгүй байна.
Тархвар судлаач Ву Зунёу өөрийн нийтлэлдээ “Сармагчны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлыг бэхжүүлэх чухал юм” гэж бичээд, олон улсын аялал, бие махбодын ойрын хавьтлаас болж өвчин тархах эрсдэлтэйг онцлон тэмдэглэжээ.
Тэрээр үргэлжлүүлэн олон нийтэд хандан таван зөвлөмж өгсөн байна. Эхнийх нь “Гадаадын иргэдтэй арьс салстаар хүрэлцэхгүй байх” аж.
Энэхүү зөвлөмж нь “Weibo” дээр маргаан дагуулсан бөгөөд зарим нь түүний зөвлөгөөг үндэслэлтэй хэмээн магтаж, бусад нь түүний мэдэгдлийг ялгаварлан гадуурхсан агуулгатай, хор хөнөөлтэй гэж нэрлэж, зарим нь цар тахлын эхэн үед дэлхий даяар Ази гаралтай хүмүүсийг үзэн ядаж, хүч хэрэглэж байсантай зүйрлэжээ.
Нэг “Weibo” хэрэглэгч “Үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй гэдэгт би итгэхгүй байна, зөвлөмж нь хэтэрхий өргөн хүрээг хамарсан бөгөөд олон нийтийн үймээнийг улам хурцатгах аюултай” гэж бичсэн байна.
Өөр нэг нь “Цар тахал анх эхлэхэд зарим гадаад найзууд маань өөрсдийн платформыг ашиглан ‘Хятад хүн вирус биш’ гэж дуу хоолойгоо олонд түгээж байсан. Дараа нь дотоодын дэгдэлт хяналтад орж, гадаад найзууд маань ялгаварлан гадуурхагдаж эхлэхэд олон хятад хүн дуугүй байна” гэж бичжээ.