Цемент шуудайгаараа 33-35 мянга, тонн нь 680-700 мянган төгрөгийн ханштай байна

Цемент шуудайгаараа 33-35 мянга, тонн нь 680-700 мянган төгрөгийн ханштай байна

 

-ДОТООДЫН ҮЙЛДВЭРҮҮД ТОНН ЦЕМЕНТИЙГ 283-334 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БОРлУУЛЖ БАЙГАА Ч ЭНЭ ҮНЭ ЧЕНЖҮҮДЭЭС БОЛЖ ХОЁР ДАХИН ӨСЧ БАЙНА -


Барилга, томоохон бүтээн байгуулалтын гол түүхий эд болох цементийн үнэ ханш, борлуулалт, эрэлт нийлүүлэлт ямар байгаа талаар сурвалжиллаа. Улаанбаатар хотод цементийн гол худалдан авалт болсон томоохон зах бол “Гурвалжин”-гийн гүүр орчим, тэнд байрлах “44” барилгын материалын зах билээ. Барилга бүтээн байгуулалтын улирал шувтрах дөхөж байна. Өнөө маргааш нартай, дулаахан байгаа дээр барилга, байшингийнхаа цутгалтыг дуусгах гэж барилгачид яарч, сандарч байгаа нь тодорхой. Яг энэ үед буюу барилгын сезон ихтэй үед цементийн эрэлт ихэсч, үнэ нэмэгддэг. Манай улс дотоодынхоо цементийн хэрэглээг 80 хувь хангах хүчин чадал, боломж бүхий үйлдвэрүүдтэй. Гэтэл сүүлийн хэдхэн долоо хоногийн дотор цементийн үнэ галзуурч тонн нь 700 мянгаас давсан. Үүнээс шалтгаалж зарим барилга, томоохон төсөл хөтөлбөрүүд зогсох эрсдэл бий болсон. Тиймээс Засгийн газраас цементийн нийлүүлэлтийг болон үнийг тогтворжуулахын тулд импортын цементийн татварыг тэглэсэн билээ.

Үүнд нэг асуулт гарч ирж байна. Яагаад цементийн үнэ ингэж галзуурах болов. Тиймээс бид цементийн үнэ ямар байгаа, яагаад ингэж өссөн талаар сурвалжилсан юм. Бидний сайн мэдэх “Гурвалжин”-гийн гүүрний зам дагуу цемент худалдаалдаг хувь хүмүүс бий. Өнгөрсөн сард энэ газар худалдаалагчид болон худалдан авагчид их байсан бол одоо хоёрхон цэг дээр цемент борлуулж байгаа аж. Мөн худалдан авагчид цөөн харагдаж байв.


Худалдагч н.Саруул: Өнгөрсөн долоо хоногт нэг тонн цементийг 440 мянган төгрөгөөр зарж байсан


-Худалдан авалт багассан. Цементийн олдоц ч муудсан. Үнэ нь ч нэмэгдчихсэн. Бид ченжүүдээс цементээ худалдаж авдаг. Тонныг нь 660 мянган төгрөгөөр аваад иргэдэд 680-700 мянган төгрөгөөр борлуулж байна. Ихэвчлэн “МАК”-ийн цемент байгаа. Эдний цемент шуудайгаараа 34 мянган төгрөг гэж байна. “Монцемент”-ийн цемент 35 мянган төгрөг. Өнгөрсөн долоо хоногт 440 мянган төгрөгөөр зарж байсан. Яагаад өссөнийг нь мэдэхгүй. Бид ченжүүдийн хэлсэн үнэ дээр 10 мянга, сайндаа 20 мянган төгрөг харж л зардаг.

“44” захын худалдагч н.Бямбаа: -Цемент үнэтэй болчихсон болохоор худалдан авалт багасчихлаа. Тэд цементийн үнийг буурахыг хүлээж байгаа болов уу гэж бодож байна. Цементийн үнэ буурахыг хүлээсээр байтал цутгалт хийх улирал дууслаа. Импортын цементийн үнийг тэглэсэн гэж сонссон. Гэхдээ хэзээ тэр цемент нь орж ирэх юм мэдэхгүй. Одоогоор манай захуудад импортын цемент орж ирж байгаа зүйл алга. Угтаа импортын цементийн татварыг тэглэсэн нь зөв шүү дээ.


Цементийн ченж н.Үнэнбат: Импортын цемент энэ жилдээ орж ирэхгүй, ирлээ ч үнэ нь адилхан л байна


-“МАК”-ийн цементийг тонныг нь 600 мянгаар зарж байгаа. Харин “Монцемент”-ийн цемент 580 мянган төгрөгийн ханштай байна. Цементийн эрэлт хэрэгцээ их байгаа учраас бидэнд ч цементийн олдоц тааруу байгаа. Зовж зовж, удаж удаж хэдэн тонн цемент авч байна. Түүнийгээ зах зээлийн ханшаар л зарж байгаа. Импортын цемент энэ жилдээ орж ирэхгүй байх. Орж ирлээ ч үнэ ханш нь адилхан дөө. Одоо зарагдаж байгаа дотоодын цементийн үнээс шальтай хямд үнээр зарагдахгүй. Угаасаа одоо улирал нь дуусч байна. Хүссэн хүсээгүй аравдугаар сарын дундаас эхлээд цементийн үнэ буурч, эрэлт багасана.

Дээрх худалдаачид болон ченжүүдийн зүгээс цементийн үнэ, борлуулалт, эрэлт хэрэгцээ, яагаад үнэ нэмэгдсэн асуудалд ийм тайлбарыг өгч байна. Үнэ нэмэгдээд байгаа шалтгаан худалдаа эрхлэгчдэд байна уу, эсвэл тэдний хэлж байгаагаар ченжүүдээс болов уу. Эсвэл ченжүүдийн хэлж байгаагаар үйлдвэрлэгчдээс шалтгаалж байна уу.


“МАК” цементийн үйлдвэрийн борлуулалтын ажилтан н.Өсөхбаяр: Эрэлт ихтэй байгаа ч бид үнээ нэмээгүй, ченжүүдэд бус хэрэглэгчдэд гэсэн бодлого хэрэгжүүлж ажиллаж байна


Томоохон зах, цемент борлуулалтын цэгүүдэд ихэвчлэн “МАК”-ийн цемент худалдаалагдаж байв. Цөөн хэдэн цемент нь “Монцемент”-ийнх. Тиймээс бид “МАК”-ийн цементийн үйлдвэрийн борлуулагч н.Өсөхбаяртай холбогдож дараах тодруулгыг авлаа.


-Танай үйлдвэр яг одоогийн байдлаар нэг тонн цементийг хэдэн төгрөгийн ханштайгаар борлуулж байна вэ?

-Манайх ууттай цементийг тонныг нь 335.600 төгрөгөөр зарж байна. Нэг тонн цемент гэдэг чинь 20 уут шүү дээ. Тэгэхээр нэг уутыг нь 16780 төгрөгөөр зарж байна гэсэн үг. Харин задгай цементээ тонныг нь 283.500 төгрөгөөр боруулж байгаа.

-Цементийн эрэлт ямар байна вэ?

-Эрэлт, захиалга ихтэй байна.

-Импортын цементийн татварыг тэглэсэн нь дотоодын үйлдвэрлэгчдэд ямар нөлөө үзүүлэх бол. Та үүнд тайлбар хэлэх боломжтой юу?

-Миний хувьд компаниа төлөөлж санал, тайлбар хэлэх боломж алга. Хувь хүнийхээ хувьд энэ асуудлыг буруу гэж харж байгаа.

-Танай цемент томоохон зах, худалдааны төвүүдэд шуудайгаараа 34000, тонн нь 680-700 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Үйлдвэрийн үнээс хоёр дахин илүү үнээр зарагдаж байгаа шалтгааныг та юу гэж тайлбарлах вэ?

-Эрэлт хэрэгцээ их байгаа нь зах зээлийн үнэд бас нөлөөлж байгаа байх. Гэхдээ хамгийн гол нөлөөлж байгаа нь ченжүүд. Тиймээс манай компаниас ченжүүдэд бус хэрэглэгчдэд цементээ нийлүүлье гэсэн хөтөлбөр хэрэгжиж байгаа.

Яг бодитоор төсөл хэрэгжүүлж байгаа, барилга, байшин барьж байгаа хэрэглэгчдэдээ цементийн нийлүүлэлтээ түлхүү хийхээр зорьж ажиллаж байна. Гэвч олон жил цемент зарж байгаа ченжүүд манайхаас яаж ийж байгаад, дам дамаараа цементийг их хэмжээгээр авчихаад үнэ, ханшид нөлөөлөөд байна. Ченжүүд үнэхээр ямар аргаар яаж аваад байгаа нь мэдэгдэхгүй манай цементийг олоод авчих юм. Олж авсан цементээ өндөр үнээр зарснаас болоод цементийн үнэ хөөрөгдүүлээд байна.

-Ирэх сараас ерөнхийдөө цементийн үнэ, эрэлт хэрэгцээ буурах хандлагатай гэж байна. Ер нь нөөцийн хувьд ямар байдаг юм бэ?

-Манай компанийн хувьд хуучнаар “22”-ийн товчооны орчим “МАК” цементийн борлуулатын цэг байдаг. Яг одоогийн байдлаар өрөтгөл, төмөр зам тавих зэрэг ажлууд хийгдэж байгаа. Энэ сарын 28-наас тэрхүү цэг дээр цементийн нөөцийг нэмэгдүүлж, үйлдвэрийн үнээр зарах чиглэлтэй байна.

Тэгэхээр ирэх сарын эхээр гэхэд цементийн үнэ буурах болов уу гэсэн төлөв ажиглагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, хотод дахь салбараа өрөтгөж шинэчлээд нөөцийг нь нэмэгдүүлснээр үйлдвэрээс борлуулагдаж байгаа үнээр зарах боломжтой болно гэсэн үг хэмээв.

Э.Мөнхтүвшин