Ажилдаа ирдэггүй шинэхэн цэргүүдийг яах вэ? Эргүүлэн татдаг ч болоосой

Ажилдаа ирдэггүй шинэхэн цэргүүдийг яах вэ? Эргүүлэн татдаг ч болоосой

Төрийн эрх барих дээд байгууллага нь цагтаа хурлаа эхэлж чадахгүй байхад Монгол улсад хэн ажил хийх билээ. Өнөөдрийн улсын их хурлын чуулган эхлэх гэж бараг л 2 цаг дуншив. Ирцээ хүлээж залхсан хурал даргалагч нь арга ядахдаа үгээр хэмлэж, үйлдлээрээ зандрав. Тодруулбал өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааныг дэд дарга Ц.Нямдорж даргалан хуралдуулж байна. Түүний хувьд ажилдаа ирдэггүй гишүүдийг хэдэнтээ зэмлээд авсан.

Ц.Нямдорж: Аюурсайхан та нэг цаг 30 минут хоцорч ирлээ. Цагтаа ажилдаа ирж сур.

Ц.Нямдорж: Болорчулуун гишүүн 2 цаг тас. Залуу гишүүд цагтаа ажилдаа ир. Сонгогчиддоо ирэхгүй байгаа шалтгаанаа очиж тайлбарла 

Ц.Нямдорж: Эмэгтэйчүүд эрт босдог биш билүү. Хаачсан юм вэ? Эмэгтэйчүүдийн бүлэг байгуулна гэж яриад явахын оронд эхлээд ажилдаа цагтаа ирдэг болчих хэрэгтэй.

Энэ мэтээр УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн амнаас ажилдаа гишүүдийг ирэхийг анхааруулсан үг урсаж байлаа. Уг нь өнөөдөр УИХ-д МАН 65 суудалтай. Хэнээс ч царай алдахгүйгээр ирцээ хүргээд асуудлаа хэлэлцэж, шийдвэрээ гаргаад явж дөнгөнө. Гэтэл энэ удаагийн парламентын олонхид тийм жаргал алга. Харин ч шинэ, хуучин гишүүдээ дуудаж ширээнийх нь ард суулгах гэж үйлээ үзэж, үсээ зулгааж эхлээд байна. Парламентын 40 орчим гишүүн нь шинэхэн. Шинэхэн дээрээ сонихон гэгчээр асуудалд хандана гэж бодтол үгүй юм аа. Хэзээний арав хорин жил парламентат суусан юм шиг л ажилдаа ирэхгүй. Дуудуулаад ч ирдэггүй гишүүн олон болчихжээ.

УИХ-ын Д.Тэрбишдагва болон Ж.Батзандан нар ирцийн талаар дараах байр суурийг илэрхийлэв

 

Дээд нь суудлаа эзлэж суугаад асуудлаа ярьж амжихгүй байхад доодуул нь юу гэж ажил хийх билээ дээ. Төрийн байгууллагын ажил үнэндээ явахгүй байгаагийн нэг шалтгаан яах аргагүй ажилдаа цагтаа ирдэггүй явдал. Үүнийг үлгэрлэн манлайлагчид нь УИХ-ын гишүүд болж байна.