Газар тариалангийн хөрсийг сайжруулахад БНХАУ туслана

Газар тариалангийн хөрсийг сайжруулахад БНХАУ туслана

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дараа нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Газар өгөөж” ХХК-ийн хаврын тариалалтын явцтай танилцлаа.

Тус компани нийт 7300 га талбай эзэмшдэг бөгөөд энэ онд 4500 га-д нь улаан буудай тариалахаар төлөвлөжээ. Одоогоор тариалалтын явц 80 гаруй хувьтай байна гэж тус компанийн захирал Ж.Ариунболд Ерөнхий сайдад танилцууллаа. Тус компани 2012 оноос хойш техникийн шинэчлэл бүрэн хийсэн, улаан буудай, тосны ургамал, гурвалжин будаа зэрэг таримлуудыг сэлгэн тариалж байгаа ажээ.

Энэ уулзалтын үеэр хөндөгдсөн гол сэдэв нь хөрс арчилгааны тухай байлаа. Тариаланчид арвин ургац авахын тулд хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, нөхөн сэргээх нь чухал. Тус компани эзэмшил талбайдаа мэргэжлийн шинжилгээ хийлгэх, дутагдаж буй эрдэс бодисоор бордох, сэлгэн тариалалт хийх зэрэг арга хэмжээ авч буй гэлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн "Хөрс арчилгааны чиглэлд Монгол Улс БНХАУ-тай хамтран ажиллана. Энэ хүрээнд хөрс арчилгаа, шинжилгээний хамтарсан лаборатори байгуулахаар тохирсон" гэж хэллээ.

Монгол улсын газар тариалангийн бүс нутгийн хөрсний үржил шимийн алдагдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх болсон. Үржил шимт бор хүрэн хөрс 35-40 см зузаан байдаг байсан. харин сүүлийн жилүүдэд ихэнх газар нутагт энэ хэмжээ 10-25 см болж буурчихлаа. Иймээс л хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх тал дээр төрөөс тусгай бодлого явуулах шаардлагатай байна. 

Дархан-Уул аймаг энэ жил 16100-га-д үр тариа тариалахаар төлөвлөсөн. Гүйцэтгэл нь 75 хувьтай байна. 14 хоногт багтаан төлөвлөгөөт тариалалтаа бүрэн хийх боломжтой. Зургаан сарын эх гэхэд үр тариа, төмс, хүнсний ногоогоо тарьж дуусна. Манай аж ахуйн нэгжүүд ургац алдахгүй, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх, ажлын байрыг тогтмолжуулах, чадавхжуулахад анхаарч байгаа. Хөдөө аж ахуйн салбарын хөгжил жил ирэх бүр сайжирч байна. Боловсон хүчний нөөцөө өндөр хөгжилтэй орнуудад сургаж бэлтгэхэд ахиц дэвшил гарч байгаа гэж тус аймгийн Засаг дарга С.Насанбат ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.