С.Бямбацогт: Сайд болоод 20 хоногийн дотор Дарханы зам 20 км-ээр нэмэгдлээ

С.Бямбацогт: Сайд болоод 20 хоногийн дотор Дарханы зам 20 км-ээр нэмэгдлээ

 

Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт Дарханы замын явцын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Сайдын ажлыг хүлээн авснаас хойш 20 гаруй хонож байна. Энэ хугацаанд Дарханы замын хатуу хучилттай зам 20 гаруй км-ээр нэмэгдлээ. Нийт 204 км замаас 160 орчим км нь хатуу хучилттай боллоо. Хүйтрэхээс өмнө амжлаа амжуулах шахуу төлөвлөгөө гаргасан. Аравдугаар сарын 30-ны дотор үлдсэн 40 км замыг хатуу хучилттай болгож, хоёр урсгалтай дөрвөн эгнээ замын нэг урсгал хоёр замыг нээж, шороон замаар зорчихгүй болгохыг зорин ажиллаж байна. Дөрвөн эгнээ замыг ирэх 2023 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Сая цементийн тасалдал хомсдол үүсэж, үнэ өслөө. Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр 8-р сарын 15-наас хойш зогссон. Энэ хугацаанд замын ажилд цементийн тасалдал үүссэн. Хомсдолыг шуурхай нөхөх зорилгоор МАК, Монцемент, Налгар түшиг зэрэг үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ ярилцаж, дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсан.

Үндэсний үйлдвэрлэгчид маань Дарханы замын ажлыг цементийн дутагдлаас болж зогсоохгүй хангах үүрэг хүлээсэн. Өдөрт 1000 орчим тонн цемент авахад Дарханы замыг аравдугаар сард багтаан нээх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Цементийн хомсдолтой холбоотойгоор үнэ нэлээд өссөн. Дарханы замын ажилд задгай цементийг тонн тутамд 280 мянга, ууттайг 320 мянган төгрөгөөр нийлүүлж байна. Зах зээл дээр хомсдолоос үүдэж үнэ үүнээс илүү өссөн. Цементийн хоёр үйлдвэр өдөрт 6000 тонн цемент үйлдвэрлэдгээс 1000 тонныг Дарханы замын ажилд нийлүүлэхээр боллоо" гэв.