Автомашингүй өдрөөр гиннесийн дээд амжилт тогтооно

Автомашингүй өдрөөр гиннесийн дээд амжилт тогтооно

 

Есдүгээр сарын 25-ны өдөр болох “Автомашингүй өдөр-2022”-ыг тохиолдуулан урлаг, спортын олон арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа билээ. Энэ хүрээнд эл өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд 13:00 цагаас Таеквондогийн Олон улсын хэмжээний мастер Б.Отгонбаяр гарын алга болон өврийг солбиж суниах төрлөөр Гиннесийн дээд амжилтыг тогтоохоор суниах гэж байна. Уг онцгой үйл явдлыг НЗДТГ-аас дэмжин ажиллаж буй юм.

Гарын алга болон өврийг солбиж суниах төрлийн дэлхийн дээд амжилт нэг минутад 70 суниалт байсныг ОУХМ Б.Отгонбаяр 2021 онд 73 болгож байжээ. Тэрбээр уг амжилтаа 80 болгон эвдэхээр зорьж буйгаа тухайн үед өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.

Тус үйл явдлын үеэр Гиннесийн албан ёсны онлайн шүүгч Maggie Luo үндсэн шүүгчээр, МУГТ Г.Угалзцэцэг, Монголын үндэсний их сургуулийн фитнессийн багш, дасгалжуулагч С.Даваагив, Монголын хөнгөн атлетикийн холбооны дасгалжуулагч багш Х.Гэрэлцогт, Монголын хөнгөн атлетикийн холбооны дасгалжуулагч Г.Жанцандорж нар хөндлөнгийн шүүгчээр оролцох аж. Эл өдөр Та бүхнийг монгол тамирчны түүхэн амжилтын гэрч болохыг урьж байна.